"1000 инженер-ажлын байр 2022" өдөрлөгт урьж байна

"1000 инженер-ажлын байр 2022" өдөрлөгт урьж байна

 
 Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2022" өдөрлөг 5 дугаар сарын 12-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхарт болно.
 Өдөрлөгт төслийн хүрээнд Япон улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж 2022 оны 3 дугаар сард төгсөж эх орондоо ирсэн Коосэн хөтөлбөрийн 30, бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 66, нийт 96 төгсөгч оролцох юм.
 Төгсөгчид нь Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд Япон улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн.
 Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн төгсөгчдийн хувьд Япон улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай.
 Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, механик инженер, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийх, сонгон шалгаруулж хамтран ажиллах юм.
 Төгсөгчдийг ажил олгогч нарт танилцуулах, ажлын байранд зуучлах, сурч, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжил дэвшилд ашиглах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчдийг хүссэн байгууллагадаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг нээж өгч байгаагаараа онцлог юм.