Сэтгүүлч Батдорж сангаас жил бүрийн 3 сарын 6-нд Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарладаг юм. Энэхүү уралдааны зорилго нь сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, сэтгүүлч болох гараанд нь дэм болох юм.
Энэ жилийн хувьд Үндэсний сэтгүүл зүйн үүсэн өдөр болох 3 сарын 6 өдөр Сэтгүүлч Батдорж сангаас “Цахим орчин дахь бидний араншин” эссэ бичлэгийн уралдааныг зарласан юм. Энэхүү уралдаанд оролцох оюутны эссэ бичлэгийг 3 сарын 6 өдрөөс 4 сарын 10 өдрийн хооронд тус сангийн цахим хаягаар хүлээн авчээ.
Энэ жилийн эссэ бичлэгийн уралдаанд оюутнуудын бичсэн 120 орчим эссэ ирсэн байна. Уралдаанд ирсэн эссэ тус бүрийг сангийн зүгээс дугаарлаж, аль сургуулийн хэн гэдэг оюутан гэдгийг нь мэдэгдэхгүйгээр шүүгч нарт өгч, уншуулан эхний шатны шалгаруулалтыг хийжээ. Харин 2 дахь шатны шалгаруулалтыг оюутнуудтай ярилцлага хийж шалгаруулсан байна.
Сэтгүүлч Батдорж сангийн нэрэмжит эссэ бичлэгийн 4 дүгээр уралдааны тэргүүн байранд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн 2 дугаар дамжааны оюутан Үенч тодорч сургалтын төлбөрөө тус сангаар төлүүлэх эрхийн бичгийн эзэн боллоо. Харин дэд байранд МУИС-ын сэтгүүл зүйн 3 дугаар дамжааны оюутан Маралмаа тодорсон байна. Тусгай байранд МУИС-ын сэтгүүл зүйн дамжааны оюутан Мөнхжин, МУБИС-ийн сэтгүүл зүйн дамжааны оюутан Янжмаа, МУИС-ын сэтгүүл зүйн 3 дугаар дамжааны оюутан Оргилмаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн дамжааны оюутан Дэнсмаа нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Сэтгүүлч Батдорж сангийн тэргүүн Д.Мягмаржавын хувьд энэ жилийн уралдааны онцлог нь сэдэв зааж өгсөн явдал байв. Тэр дундаа өнөөдөр Монголын сэтгүүл зүйд цахим орчин ба сэтгүүл зүй гэсэн томоохон зөрчилдөөн үүсээд байна. Үүнийг сэтгүүл зүйн чиглэлээр сурч байгаа оюутнууд хэрхэн анзаарч, ямар өнцгөөс шүүн тунгааж байна гэдгийг тандах зорилготойгоор уралдааны сэдвээ Цахим орчин дахь бидний араншин гэж нэрлэсэн юм. Сэтгүүлч хүний хувьд хувийн араншингаа нийгмийн сүлжээнд илэрхийлэх нь зохимжгүй. Харин цахим орчны элдэв араншинг өөрийнхөө бүтээлд зөв ашиглах хэрэгтэй. Барууны сэтгүүл зүйд ийм л өнцөг баригдаж байна. Энэ утгаараа энэ жилийн сэдвийг сонгож авсан гэдэг тайлбарыг өглөө.