БНХАУ-аас боомтуудын хэвийн ажиллагааг дэмжиж хүрээнд 4 сая юань хандивлав

БНХАУ-аас боомтуудын хэвийн ажиллагааг дэмжиж хүрээнд 4 сая юань хандивлав

Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор Хятадын талаас 4 сая юанийн тусламж өгчээ.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн хамтарсан комиссын механизм, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ Бугат, Хөлөнбуйр, Баяннуур хот, Хянган, Шилийн гол аймаг, Эрээн хотоос өгч буй уг тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Эрээн хот”, “Ганцмод” боомтод зохион байгуулсан байна.

Энэ удаагийн тусламжаар амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас, PCR шинжилгээний төхөөрөмж, урвалж зэрэг 16 нэр төрлийн эмнэлгийн болон халдвар хамгааллын хэрэгсэл, бараа материалыг хүлээлгэн өгсөн нь тус комиссын шугамаар Монголын талд үзүүлсэн хоёр дахь удаагийн тусламж юм.

Эхний удаад 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Эрээн хот болон Ганцмод боомтод 300 мянган юанийн тусламжийг хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг Монголын талын хилийн аймгууд, боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын хэвийн ажиллагааг хангахад ашиглаж байна гэв.