А.Ариунзаяа: Хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана
УИХ-ын чуулганы 2022.05.12-ны өдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
"Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр уг хуулийг санаачлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа. Тэрбээр,
"Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа хуульд заасан шаардлагын дагуу дунд хугацааны бодлогын баримт бичгүүд болон, шинэ сэргэлтийн бодлого, дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй уялдууллаа. Уг төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхойлсон: төсөв, өр , гадаадын зээл, тусламжийн хязгаарт багтаан 2022 оны төсвийн тухай хуулиар хэрэгжиж буй, 2023 онд хэрэгжих дуусах төсөл арга хэмжээтэй уялдуулах, төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн орон зайд нийцүүлэх зарчим баримталсан.
Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яамд, агентлагууд мөн нутгийн захиргааны байгууллагуудад нийт 41,7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардсан, 643 арга хэмжээний санал ирүүлсэнийг Хөгжлийн бодлого, төлөвлөгөөний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг баримтлан төслийг боловсруулсан.
Уг төсөлд:
- Хүний хөгжлийн бодлого
- Эдийн засгийн бодлого
- Эргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого
- Ногоон хөгжил, байгаль орчины тэнцвэртэй байдлыг хангах бодлого
- Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого зэрэг таван бүлгийн хүрээнд хэрэгжүүлэх 18 зорилго 75 багц төсөл арга хэмжээг тодорхойлсон.
Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлэхэд нийт 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаар байна.