Мал, цөл хоёроос аварч чадвал эрүүл хүнс хэрэглэнэ

Мал, цөл хоёроос аварч чадвал эрүүл хүнс хэрэглэнэ

Монголчууд хэрэглээ шүтсэн тогтолцооноос үйлдвэрлэгч орон руу нэн яаралтай шилжихгүй бол бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, хүнд цохилт авч болзошгүй эрсдэл байгааг Ковид-19 цар тахал хатуухан сануулав. Улс орнууд хилээ хааж, экспортоо хумьж, дэлхийн өнцөг булан бүрд үүссэн ачаа тээврийн гацаа өнөөг хүртэл арилахгүй банйа. Олон улсын валютын сангийн шинжээчид Монголд ажиллаад буцахдаа эдийн засгийн өсөлт тооцоосон хэмжээнээс буурахаар байгааг мэдээлсэн.

Үүн дотроос хүсний аюулгүй байдлын асуудал, тогтвортой хангамж, онцгой байлын үеийн нөөц бүрдүүлэх гээд шинэ сорилтууд босож ирлээ. Монголыг мал аж ахуйн орон гэдэг ч ганц салбар дулдуйдах ямар ч боломжгүй болсон. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг цогцоор нь авч үзэх шинэ цаг үе ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний аюулгүй байдал, газар тариалангийн дотоодын үйлдвэрлэлийг онцгойлон анхаарч, бүх хүчээ дайчлах хэрэгтэйг сануулж хэлсэн.

Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан хоёр хаяа залган орших ямар ч боломжгүй болсон. Нэг нь нөгөөдөө шууд дайсагнадаг. Бэлчээргүй болсон мал итариа будааг сүйтгэнэ. Тариаланчдын олон жилийн хөдөлмөр үнэгүйддэг. Эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар Засгийн газраас тогтоож өгсөн газар тариалангийн бүсэд зөвхөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой. Үүнийг төрийн бодлогоор зохицуулахаас өөр гарц үгүй.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэ хуулийг УИХ яаралтай хэлэлцээд баталчихвал газар тариалангийн үйлдвэрлэлд аврал, том дэмжлэг ирнэ. Учир нь, хуулийн төсөлд тусгаснаар газар тариалангийн бүсэд байгаа малын толгой тутамд 10 мянга хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулдаг болно. Газар тариалангаас бусад бүсэд байгаа малаас дээд тал нь 2000 төгрөгийн татвар авах заалт хүчинтэй хэвээр байх юм. 

Хууль баталж, эдийн засгийн арга үр дүнгээ өгвөл энэ бүс дэх малын тоо толгой буурч, газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ буюу бидний хэрэглэх хүнс нэмэгдэнэ. Хөрсний доройтол, цөлжилтийн аюул цаашилна. Буянт мал сүргээ ад шоо үзэж байгаа хэрэг биш. Энэ зохицуулалт зөвхөн газар тариалангийн бүсэд л үйлчилнэ. Хүнд хэцүү цагт хөдөө аж ахуйн салбар Монголыг аварна гэдэг оргүй үг огт биш. Гурил будаа, хүнсний ногоо, жис жимсгэнийнхээ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангадаг болох том зорилт үүний цаана бий. Эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл хүнс хэрэглэдэг болох сайн цаг эндээс эхэлнэ.