Цахим орчин дахь бидний араншин сэдвийн хүрээнд Сэтгүүлч Батдорж сан, Хэвлэлийн эрх чөлөө төв ТББ, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран Цахим орчин дахь бидний араншин буюу Сэтгүүлчийн ёс зүй, харилцааны сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтын онцлог нь сэтгүүлчдийн цахим орчин буюу нийгмийн сүлжээнд хэрхэн байр сууриа илэрхийлэх, тэрхүү хандлага нь эргээд нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж байгаа, мөн харилцаа, ёс зүйн асуудлыг хөндсөн явдал байлаа. Тус сургалтад 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 30 сэтгүүлч хамрагдсан байна. Сургалтын эхний хэсэгт Монголын сэтгүүлчдийн баримтлан ажиллах ёс зүйн хэм хэмжээ, зарчмын талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс танилцуулжээ. Тэр дундаа сэтгүүлчид ёс зүйн зарчмаа мэдэхгүйгээс ямар алдааг ихэвчлэн гаргаж байгаа. Тэрхүү алдааг гаргахгүйн тулд хэрхэн анхаарах зэргийг бодит жишээн дээр тулгуурлан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Уг сургалтын цөм хэсэг нь Монголын сэтгүүл зүй ба нийгмийн сүлжээ, Олон улсын сэтгүүл зүй ба Нийгмийн сүлжээ гэсэн цогц сэдэв байв. Уг сэдвийн хүрээнд Нийгмийн сүлжээнд Монголын сэтгүүлчид хэрхэн ажиллаж байна. Twitter, facebook нь тухайн сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх талбар мөн эсэх дээр эргэцүүлэл, хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Уг сургалтад оролцсон сэтгүүлчдийн хувьд нийгмийн сүлжээнд байгаа хаяг бүр нь өөрийнх нь хувийн орон зай гэж үздэгээ илэрхийлж байв. Харин олон улсын хандлагаар бол нийгмийн сүлжээ нь сэтгүүлчийн үзэл бодлоо илэрхийлэх орон зай биш гэж үздэг байна. Сэтгүүлч нь нийгмийн сүлжээг мэдээлэл олж авах, мэдээллийг түгээх зорилгоор л ашиглах болохоос тэнд үзэл бодлоо илэрхийлэх, ямар нэгэн шүүмжилсэн зүй бичих зэргийг хатуу хориглох болжээ. Зарим томоохон гаднын хэвлэл мэдээллийн байгууллага нь хөдөлмөрийн гэрээндээ энэ тухай тусгаж өгдөг болсон байна. Энэ бүхнийг сургалтад хамрагдсан сэтгүүлчид судалж, тодорхой төвшний мэдээллийг хүлээн авсан юм.
Уг сургалтын бас нэг онцлог нь сэтгүүлчдэд зориулсан харилцааны талын хичээл байсан юм. Сонирхолтой хэлбэртэйгээр хийгдсэн энэхүү хичээл нь өдөр бүр олон хүнтэй харилцах шаардлагатай болдог сэтгүүлчийн хувьд хаана хэрхэн,яаж зөв харилцаж сурах талыг голчлон баримталсан байна.