Д.Сосорбарам: Би Ардчилсан намдаа эргэж ирэхгүй бол горьгүй нь. С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эвлэрнэ гэж байхгүй
Ардчилсан намын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ хуралд Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам оролцжээ.
Тэрээр хэвлэлийн хурлын үеэр "Би 16 оны арванхоёрдугаар сард -миний нам улаан соцалист болсон юм байна- гээд намаас гарч байсан. Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг.Би Ардчилсан намдаа эргэн ирж байна. Эргэж ирэхгүй бол горьгүй нь. Би дүү нараа урьж байна. Намын залуу лидерүүдийг тогтолцоог өөрчлөөч гэж гуйж, урьж, хүндэтгэлтэйгээр залж байна.Залуусаа хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эрх чөлөөт капиталист тогтолцоог эх орондоо бий болгоод өгөөч. Одоо хурдан ир.
Үнэт зүйл чиглэл зорилгодоо хариуцлагатай хандаж, нэгдмээр байна. Би хань, бараа болъё!Төрд нэг ч өмч байлгахгүйгээр бүгдийг нь эрэмбэ дараатай хувьчлаад цаашаа явъя. Үндсэн хууль бол төрд олгосон эрх дарх ямба биш. Харин төрийн хүчирхийллээс иргэдээ хамгаалах ёстой. Алдаж байж онодог. Бие биедээ битгий хатуурх. Одоо нэгдье. Өнөөдрөөс эхлээд амьсгаа хураах хүртлээ би энэ үзэл санаатайгаа хамт байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлэв.