ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

 
“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгын дор зохиож буй “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төвийн бүсийн сургалт 2022.05.12-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд эхэллээ.
Төвийн бүсийн сургалтын нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн, Төв аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа, БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, ЭХЗХ-ны эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал нар оролцлоо.
Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй тус сургалтад Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, ШУТИС, GIZ-ийн “Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн багийнхан хамрагдаж байна.
Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хэмнэлттэй ажиллагааны төлөвлөгөө боловсруулах асуудлын хүрээнд оролцогч нар мэдээлэл сонсож, туршлага солилцов.
Сургалтын үеэр аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудад барилгын дулаан алдагдлыг хянадаг “Дулааны камер” хүлээлгэн өглөө.