Ж.Нарангэрэл: Жил бүр 130 орчим хүүхэд хавдартай болох нь оношлогддог

Ж.Нарангэрэл: Жил бүр 130 орчим хүүхэд хавдартай болох нь оношлогддог

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: Эрт илрүүлгийн багцтай холбоотой санал, гомдол их ирж байна. Нийт зургаан багцыг насны бүлэг, бүсчлэл зэргийг харгалзаж боловсруулсан. Хөгжингүй улс орнууд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлдэг. Гэтэл манай улсад энэ ажил хангалтгүй байгаа учраас эрт илрүүлэгт иргэн бүрийг энэ жилээс эхлэн хамруулж байна.

Монголд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралтын статистикаас харвал ихэнх нь хожуу үедээ илэрч байна. Тиймээс эрт илрүүлгийн ач холбогдол өндөр.

Иргэд хангалттай мэдээлэлгүй байгаа бэрхшээлтэй тулгарч байх шиг байна. Тухайлбал, хүүхдийн үзлэг, шинжилгээнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Жилд дунджаар 130 орчим хүүхэд хавдраар оношлогддог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 450 хүүхэд хавдрын улмаас эмчийн хяналтад байна. Хавдрын тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ-өөс эмчилгээ хийх, хянах ажлыг хийдэг. Хавдартай хүүхдийн эцэг, эх олон нийтээс хандив тусламж гуйх асуудал их байна. Бид зөвхөн энэ жилээс эрт илрүүлгийн ажил хийж байгаа юм биш. Өнгөрсөн жилүүдэд Хавдаргүй үрс үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн дунд ямар төрлийн хавдар голчилж байна вэ гэдэгт олон нийтэд хандсан олон ажил хийсэн. Тиймээс хүүхдүүдийг заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрт илрүүлэх нь зүйтэй. Хүүхдийн хавдрыг эрт оношилж, үе шаттай эмчилгээ хийх хэрэгтэй байна. Хүүхдүүдийн дунд зургаан төрлийн хавдар зонхилж байна. Үүнийг хүндрэхээс нь өмнө туяа эмчилгээ зэргийг хийхгүйгээр анагаах боломжтой" гэлээ.