Улаанбаатар хотыг эрдэмтэн, судлаачдын санал дээр тулгуурлан хөгжүүлнэ

Улаанбаатар хотыг эрдэмтэн, судлаачдын санал дээр тулгуурлан хөгжүүлнэ

Шинжлэх Ухааны академи, Удирдлагын академи, Монгол улсын их сургууль, Монголын хотуудын холбоо хамтран “Хотын хөгжил-шинжлэх ухаан технологи” олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 2017 оны 5 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд энэхүү хурал зохион байгуулагдах юм.   

 Энэхүү Бага хурлыг санаачлагч нь УИХ-ын дарга М.Энхболд бөгөөд тэрээр 2009 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байсан юм. Энэхүү хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг шинжлэх ухаанд суурилан, дэвшилтэт технологийг ашиглаж өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлч санаачилгыг хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгах нь хурлын гол ач холбогдол юм байна.  

 Хотын хөгжлийн асуудалд шинжлэх ухаан, технологийн шийдлийг нэвтрүүлэх бага хурлыг дахин сэргээж, энэ онд олон улсын хурал хэлбэрээр зохион байгуулахаар НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн засаг дарга С.Батболд нар санаачлан шийдвэрлэсэн байна. Олон улсын бага хуралд үндэсний эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцуулахын зэрэгцээ хамтын ажиллагаатай хотуудын төлөөллийг урьж тэдний сайн туршлагатай танилцаж, туршлага судлах  юм.

 Уг бага хурал нь Монгол улсад хүн амын нутагшил, суурьшлыг зохицуулах гол арга болох хотыг жигд хөгжүүлэх гэж болно. Энэ зорилгоор хотын эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж хурал зохион байгуулагчид найдаж байна.

Олон улсын бага хурлыг нэгдсэн хуралдаан, 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулах бөгөөд “Хот байгуулалт, аялал жуулчлал” сэдэвт үзэсгэлэнг энэ үеэр дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байна.

 Гурван салбар хуралдааныг дараах сэдвээр зохион байгуулна. Үүнд:

 1, “Хотын хөгжил - эрх зүйн орчин” салбар хуралдаанаар Монгол Улсын хотын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хотын тогтолцоо болон эрх зүйн талаар хэлэлцэнэ.

 

  1. “Хотын хөгжил - инноваци” салбар хуралдаанаар шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурлан хотын хөгжлийн ухаалаг шийдлүүдийг олох, мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, дэд бүтэц, хог хаягдлын менежмент зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, арга замын талаар ярилцана.

 

  1. “Хотын хөгжил - эдийн засаг” салбар хуралдаанаар хотын эдийн засаг, санхүүг хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэнэ. Мөн хотын санхүүгийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар харилцаат хотуудын туршлагаас суралцах, энэ чиглэлээр бодлого, эрх зүйн шийдлүүдийг ярилцах болно.

Олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын нийт 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид оролцож байна. .