Орхон аймаг хөдөө аж ахуйн улсын тооллого хийнэ

Орхон аймаг хөдөө аж ахуйн улсын тооллого хийнэ

 Энэ сарын 21-ээс хөдөө аж ахуйн улсын тооллого эхэлнэ. Тооллого хоёр сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд бэлтгэл ажил болон зохион байгуулалтын асуудлаар орон нутгийн удирдлагууд хуралдлаа.

Тооллогын мэдээлэл, цуглуулалтын ажлыг зохион байгуулахдаа аймаг, нийслэлийг гурван бүс болгон хувааж, гурван өөр хугацаанд хийхээр төлөвлөөд байна. Орхон, Булган аймгийг нэгдүгээр бүс болгож, энэ сарын 21-нээс ирэх сарын 3 хүртэл  тооллогын ажлыг зохион байгуулах юм.Тодруулбал, Баян-Өндөр суманд 4 тоологч, Жаргалант суманд 5 тоологч 14 хоногийн хугацаанд мэдээлэл цуглуулна. 

“Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022”-т  мал аж ахуй, газар тариалан, ой, загас, ан агнуурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг  түүврийн аргаар сонгож тооллогод хамруулна.

Арван жилд нэг удаа зохион байгуулдаг уг тооллогын үр дүнд  хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлт, бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцож, байгууллага бүрээр бүртгэж, ажиллах хүчний судалгаа гаргах, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй статистикийн мэдээлэлтэй болох юм. 

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүдээс гадна хөдөөгийн хөгжил, байгаль орчин, ус, газар ашиглалт, цөлжилт, загас, ойн аж ахуйн талаарх мэдээллийг цуглуулна. Мөн  хөдөө аж ахуйн өрхийн үйлдвэрлэл, орлого, зарлага, хүнсний хомстол, хангамж, санхүү, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах аж.

Орхон аймаг  энэ жил 5800 га талбайд тариалалт хийнэ. Газар тариалангийн 40 орчим хувь нь Булган, Сэлэнгэ аймагт бий. Тэгвэл өөр  аймгуудад газар тариалан эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг түүврийн аргаар сонгож  тариалангийн талбай дээр тоологч нар  биечлэн очин талбайн цэгийг хэмжих аж. 

Эх сурвалж: МОНЦАМЭ