АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, бүлгийн гишүүд, Ардчилсан намаас Улсын Их Хурлын даргад удаа дараа албан бичиг хүргүүлж, түүнчлэн хоорондоо санал нэгдэхгүй, бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд нэлээд хугацаанд ажиллалаа. Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Тодруулбал, “31.12.Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.” гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Энэ талаар АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл гишүүн тайлбарлахдаа: АН-ын бүлгийн нэр бүхий 9 гишүүн Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барьлаа. АН-ын бүлгийн дотоодод зохион байгуулалтын асуудал бий гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Парламентад хоёр бүлэг байдаг. Сөрөг хүчний ганц бүлэгтэй. Гэтэл сөрөг хүчний бүлэг тодорхой асуудлуудаар байр сууриа нэгтгэх, бодлогоо тодорхойлох нөхцөл бололцоогүйгээр зургаан сар болж байна. Нэгдсэн чуулган, байнгын хороо, ажлын хэсэг, бүлгийн хуралдаан бүгдээрээ олонхын зарчмаар нэг танхимд суугаад, олон янзын санаа бодолтой гишүүд санаа бодлоо уралдуулаад, санал хураалтаараа шийдвэрээ гаргаад, цөөнх нь олонхоо дагаад явдаг.
Энэ нь парламентын ардчиллын зарчим. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд АН-ын бүлэг хуралдахгүй, 1-2 гишүүнтэй хуралдаж шийдвэр гаргадаг, эсвэл тамга атгасан бүлгийн дарга нь олонхоороо шийдвэрлэсэн асуудлыг гацаах байдалтайгаар явж ирлээ. Уг нь бүлгийн дотоод дүрэм, журмаар энэ бүгдийг хангалттай зохицуулчихсан байдаг. Гэтэл маргаан гарч, асуудал шийдэгдэхгүй удлаа. УИХ дахь нэг бүлгийнхээ хэвийн үйл ажиллагааг хангаж өгөөч, УИХ-ын нэгдсэн чуулган дээр бүлгийн гишүүдийн олнохоороо гаргасан шийдвэрийг уншиж танилцуулаач гэж УИХ-ын даргаас бид шахаж шаардаж байсан. УИХ-ын дарга болохоор хэдийгээр танай намын бүлгийн дүрэмд заасан ч гэлээ Улсын Их хурлын тухай хуульд тодорхой зүйл заалт байхгүй гэсэн шалтгаан хэлдэг. Парламентын засаглалтай, хууль дээдэлдэг орны хууль тогтоогчийн хувьд бид бүхэн хуульд байгаа зарим тодорхойгүй зүйлийг илүү тодорхой болгоё гээд хуулийн төсөл боловсруулан өргөн барьлаа.
Энэ хуулийн төслийн үзэл санаа нь олонхоороо гаргасан шийдвэрийг УИХ-ын дарга нэгдсэн чуулганд уншиж танилцуулна, ингэснээр бүлгийн шинэ зохион байгуулалтын асуудал цэгцэрнэ гэсэн ганцхан зүйл заалттай. УИХ-ын дарга дараа долоо хоногоос аль болох яаралтай горимоор хэлэлцэх байх гэж найдаж байна. УИХ-д байгаа олонхын төлөөлөл энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж, монголын парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр улс төрийн шийдвэрээ гаргаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, түүнийг эгүүлэн татах, Улсын Их Хурал хугацаанаасаа өмнө дуусгавар болох, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн болон нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх зэрэг асуудлыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн найруулж, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Ийнхүү шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг, 33 дугаар зүйлд Бүлгийн эрх, үүрэг, 34 дүгээр зүйлд Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ардчилсан намаас 11 гишүүн сонгогдож, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга танилцуулсан. Ийнхүү Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуульд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал цөөнхийн бүлгийн эрх, үүрэг тодорхой болж, бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудал хуульд заасны дагуу тодорхой болж, бүлгийн тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа юм.