Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 60 км автозам дээр ажилласан 44 иргэн хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй байгаа аж
Замын засварын ажилд одоогоор 30 гаруй монгол хүн өдрийн 12 цагийн турш 50 мянган төгрөгөөр ажиллаж байгаа бөгөөд 13 дахь цагийг 7 мянган төгрөгөөр үнэлдэг гэнэ. Өнгөрөгч жил ажилласан 44 иргэн хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй байгаа аж. Учир нь туслан гүйцэтгэх гэрээгээр ажилласан монгол компани тухайн иргэдтэй гэрээ байгуулж ажиллуулсан бөгөөд цалинг олгоогүй гэх асуудал шүүхээр шийдвэрлүүлэх шатанд яваа юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс “Туслан гүйцэтгэх компани 138 мянган долларын гүйцэтгэл хийсэн ч 250 мянган долларын санхүүжилт олгосон” гэж байлаа.
Мөн тус замд ажиллаж байгаа монгол иргэд нийгмийн даатгал төлөх хүсэлгүй байгаагаас шалтгаалж, Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байгаа аж. Гэсэн ч хуулийн хүрээнд Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэсэн шаардлагыг аймгийн зүгээс тавьж байгаа юм.