Үнэгүй ус үнэ цэнгүй

Үнэгүй ус үнэ цэнгүй

Монголд хамгийн үнэгүй, үнэ цэнгүй юм бол ус. Тиймээс хаа сайгүй байж байдаг, хамгийн элбэг, хялбар, хямдхан зүйлийг л устай зүйрлэнэ.  Эсрэгээр нь хамаг сайхан бүхнээ алттай жишнэ. Алтаар үнэлнэ. Энэ үнэлэмж тун удахгүй 180 хэм эргэх нь. Дусал усыг цэн алтаар солино. Ундны усаа асар их мөнгөөр худалдан авдаг болно. Алт, мөнгө авдар авдраар байгаад ч балга ус олдохгүйн гачлан нүүрлэж ч мэднэ. Дэлхийн өнцөг булан бүрт өнөөдөр ийм аюулын харанга дэлджээ. Азийн Энэтхэг-Пакистан, Тажикстан-Киргизстан-Узбекстан, Латин Америкийн Боливи, Африкийн Нигери гээд ундны усны төлөө дайн тулаан, хямралын ирмэг дээр байгаа улс орон, бүс нутаг олон байна.

Өнөөдрийнх шигээ асгаж, цутгасаар байх юм бол монголчууд бид ч гэсэн дээрх улс орнуудын араас орох ойрхон. Салбарын бодлого нь хүртэл усыг ариглаж гамнах бус асгаж цутгах, бохирдуулж буртаглахыг дэмжсэн шинжтэй.

Зохистой хэрэглээ, бодит хэмнэлт, технологийн дэвшил зэргийг зүгээр л уриа лоозон болгоод энд тэнд хадсанаас цаашгүй. 20-30 жил ярьж байж  сая нэг саарал ус ашиглах бодитой алхмууд хийгдсэн. Гэхдээ тэр нь олон улсын байгууллагын санхүүжилт, төслөөр. АНУ-ын Мянганы сорилтын сангийн компакт гэрээгээр Ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулан, өдөрт 50 мянган шоо метр саарал ус дахин боловсруулж, түүнийгээ 3, 4 дүгээр Дулааны цахилгаан станцын цамхгийн хөргөлтийн системд нийлүүлнэ. Энэ хэрээр ундны цэвэр усыг хэмнэнэ. Нэг үгээр хэлбэл америкчуудын хөрөнгөөр саарал усыг дахин боловсруулах үйлдвэр барина. Харин монголчууд бид өөрсдөө саарал ус “үйлдвэрлэнэ”. Энэ “үйлдвэрлэл” өнөөгийнх шигээ замбараагүй байх юм бол дээр өгүүлсэн усны төлөөх “зарлаагүй дайны оршил” болох магадлалтай. Ийм байдалд түлхэх олон нөхцөл, шалтгаан бий. Ганцыг нь дурдахад хэрэглээний усны үнийн тариф нь зохистой хэрэглээг биш замбараагүй хэрэглээг өөгшүүлж байгаа. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн 79 тоот тогтоолын хавсралтаар Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг баталжээ. Энэ дагуу 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмсэн. Тухайлбал, нэг литр усны үнэ нэг төгрөг 10 мөнгө байсныг нэг төгрөг 60 мөнгө болгож 50 мөнгөөр нэмсэн.

Өөрөөр хэлбэл нэг тонн /1 шоо метр/ усны мөнгө 1600 төгрөг болсон гэсэн үг. Тухайн өрх сард дунджаар 5 шоо метр ус хэрэглэсэн гэж үзвэл өмнө нь 5500 төгрөг төлж байсан бол одоо 8000 төгрөг төлж байгаа. Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифаар бол спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газар литр тутамд 2,76 төгрөг, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр литр тутамд 2,10 төгрөг төлнө Усыг хамгийн ихээр хэрэглэж, хамгийн их бохирдуулж буй машин угаалгын газар гэр хорооллын иргэнээс 75-хан мөнгөөр илүү, өлөнгийн үйлдвэр бүр 10-хан мөнгөөр илүү төлбөр төлнө гэсэн үг. Энэ бол цэвэр усыг үнэгүйдүүлж, бохирдуулагчдыг нь эдийн засгийн аргаар дэмжиж байгаа хэрэг. Хэрэглээний цэвэр усны үнэ ийм хямд байгаа учир үйлдвэр, үйлчилгээний газрууд усыг гамгүй хэрэглэдэг хэвээр. Тэдэнд саарал ус хэрэглэх сэдэл байхгүй. Учир нь, цэвэр ус ийм хямд юм чинь. Гэр хороололд амьдарч буй иргэн  хоногт 10 литр ус хэрэглэдэг. Гэтэл машин угаалгын газар, өлөнгийн үйлдвэр хоногт хэдэн арван тонн ус хэрэглэж байгаа. Нэг машиныг 500 литр усаар угаадаг гэж үзвэл усных үнэ нь ердөө 1100 төгрөг л болно. Үнэ цэнгүй усаар үнэтэй машинаа угааж байгаа нь тэр. Нэг мэдэхэд цэвэр ус хомсдож, машин угаадаг 500 литр усаа сарын цалингаараа ч худалдан авч дийлэхгүй болбол яах вэ.

Тиймээс ундны усаа үнэ цэнтэй болгохын тулд хэрэглээний үнэ тарифыг нь нэмэх нь нэгдүгээрт хийх ажил. Ахуйн хэрэглээнээс гарч байгаа саарал усыг дахин боловсруулж, хөдөө аж ахуй, хот цэцэрлэгжүүлэх, өлөн, ноос, ноолуурын үйлдвэр зэрэгт өргөн ашиглах нь дараагийн даацтай алхам байх болов уу. Тэгж байж ус жинхэнэ утгаараа чандмань эрдэнэ болно.