МАХН-ын бага чуулган өнөөдөр болно гэсэн мэдээлэл гараад байна. Уг чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэсэн асуултын хариуг шийдвэрлэх ёстой юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Сүхбаатар дүүргийн шүүхээс ялтайд тооцох эсэх лавлагааг хүсээд тусыг эс олсон. Дахин хүсэлт гаргасан ч Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн шийдвэрийг хүргүүлсэн бололтой. Иймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх боломжгүй болов. Тэгэхээр мань эрхэм дараагийн нүүдлээ тооцож эхэллээ. МАХН-ын хувьд нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа зүтгүүлж чадахгүй учраас АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын саналыг хуваах хүнийг хайж эхэлсэн байна. Учир нь эрх баригч МАН-тай тохиролцож, санал нэгдэж чадах юм бол намынхаа даргыг улс төрд оруулах боломж бүрдэж эхлэнэ. Иймээс л ардчилсан намын нэр дэвшигчийг ялагдуулах тактик баримталж, МАН-тай ханцуй дотор тохиролцоо хийхээр зэхэж эхэлжээ. Энэ ч утгаараа өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан бага чуулганаа хойшлуулсаар байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд нэр дэвшүүлэх 2 хувилбарыг ярьж байгаа гэнэ. Нэг нь Н.Алтанхуяг. Түүний хувьд Ардчилсан намын хаягыг нүүрэн дээрээ наачихсан хүн учраас Х.Баттулгын саналаас чамгүй зулгаана. Нөгөөх нь С.Ганбаатар. Эх оронч дүртэй түүнийг мөн л эх оронч гэж өөрийгөө тодорхойлдог Х.Баттулгын эсрэг тавина гэсэн үг. Энэ утгаар нь авч үзэх юм бол аль ч хувилбар нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хүссэн тоглолтоор өрнөх боломжтой. Гагцхүү түүнийн саналыг МАН-ын удирдлага хүлээн зөвшөөрөх эсэх л асуудлын гол хөзөр болоод байна. Хэрэв МАН-ын удирдлага Н.Энхбаярын хүсэлтийг хүлээн зөвшөөрөх аваас түүний хувьд МАХН-аасаа С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх хувилбар дээр тохиролцох боломжтой гэнэ. Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчийг ялуулах. Түүний дараа нөхөн сонгуульд өөрөө оролцох хувилбар юм. Ингэж чадсан нөхцөлд дараа дараагийн боломжоо нээнэ гэж харж байгаа бололтой юм.