З.Батбаяр: Усны хэрэглээ ихтэй газар  хамгийн өндөр төлбөр төлөх ёстой

З.Батбаяр: Усны хэрэглээ ихтэй газар  хамгийн өндөр төлбөр төлөх ёстой

“Усны төлөөх иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн, Элчин сайд асан З.БАТБАЯРТАЙ ярилцлаа.

-Монголчууд бид “Ус чандмань эрдэнэ” гэж ярилцаж, бас дээдэлдэг. Говь нутгийн хүний хувьд танд ч ус үнэхээр эрдэнэ мэт үнэлэгддэг байх. Тэгэхээр ярилцлагаа дэлхийн усны нөөцийн талаар эхэлбэл ямар вэ?

-Дэлхий дээр хамгийн их хуримтлагдсан бодис бол ус. Бөмбөрцгийн маань гадаргын дөрөвний нэг нь ус болохоор хэзээ ч дуусашгүй мэт санагдаж, шинж чанараа өөрчлөөд байх боловч дэлхий ертөнцөд хамааралтай нийт усны дөнгөж хоёр хувь нь л ундны ус байдаг. Бусад нь далайн буюу ашиглах боломжгүй, маш их давстай ус байна. Гэтэл тэр багахан цэвэр усны тал нь мөс хэлбэрээр оршдог. Эдгээр нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хайлаад далайн устай холилдож, ашиглах боломжгүй болчих аюул занал байна. Судлаачдын дурдах дуртай Африкт байрладаг Килиманжаро уул гэхэд 2022 онд цас нь хайлж дуусна гэж ярьдаг ч аз болоход одоо цагаан дуулгатай хэвээрээ байна. Гэхдээ маш их багассан гэж үздэг.

-Энэ нь, манай орны мөнх цаст уулнуудад тодорхой хэмжээгээр хамааралтай болов уу?

-Монгол Улсад мөнх цаст 13 ноён оргил байдаг. Тэдгээрээс эх авсан том бага гол, горхи нийлж нэгдсээр Их нууруудын хотгорыг бүрдүүлдэг онцлогтой. Тэдгээрийн нэг Завхан голын усыг хуримтлуулж, Говь- Алтай аймгийн төвөөс 45 км зайтай Гэгээн нуурыг бий болгосон. Энэ нь Айраг нуур, Завхан голын усыг хуримтлуулж цуглуулаад хадгалж буй “банк” гэж ойлгож болно.

Манай улсын усны нөөцийн ихэнх хувийг нуурууд бүрдүүлдэг. Тухайлбал, Хөвсгөл нуур дангаараа 70 хувийг эзэлж байна. Одоогоос 10-аад жилийн өмнө Монгол Улсын усны нөөц 600 мянга гаруй шоо км гэж танилцуулдаг байсан бол одоо 560 мянга болсон байна билээ. Энэ нь мөнх цаст уулсын мөс ихээр хайлж байгаатай холбоотой юм. Гэтэл газрын доорх усны нийт нөөц 12 мянган шоо км байдаг.

-Түүний хэчнээн хувь нь нийс- лэлийн газар нутагт хамааралтай вэ. Одоо 10 хүрэхгүй жилийн дараа Улаанбаатар хот усны хомстолд орно гээд байх юм. Үүнд мэргэжилтний хувьд тодорхой мэдээлэл өгнө үү?

-Уг нь, нийслэл маань байрлаж байгаа Алтан тэвшийн хөндийн ам болгоноос рашаан булаг, гол горхи урссан, баруун, зүүн Сэлбэ гэж том голтой. Эдгээр нь нийлээд Дунд голыг үүсгэдэг устай л газар байж. Тэр нь, Туул голдоо цутгаж, 10-20 метр мод бэлтгээд урсгахад хүссэн газарт нь хайргадалгүй оччихдог байжээ. Одоо бол байдал өөр болсон. Гэлээ ч Ус сувгийг удирдах газраас нийслэлийн гэр хороололд голдуу байрлалтай 500 орчим худгаар зөөврийн болон гүний усыг тарааж үйлчилгээ үзүүлдэг. Жилдээ 160-170 сая  литр  усыг гэр хороолол, орон сууцны айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид хүргэдэг гэсэн үг. Үүнээс гадна 40-50 мянган шоо км усыг ДЦС-уудын хөргөлтийн болон нүүрс угаах зориулалтад ашиглаж байгаа. Энэ усыг аз болоход саарал болгосон сайн мэдээ бий.  Гэлээ ч нийслэл болон говийн бүсийн аймгууд усны хомстолд ороход бэлэн байна.

-Энэ тухай 1990-ээд оноос ярьдаг болсон. Тэгвэл усны хомстолоос урьдчилан сэргийлэх ямар арга зам байна гэж та харж байна вэ?

-Хэд хэдэн арга зам байж болохоос   хамгийн    боломжтой нь мөнх цаст уул, голынхоо усыг хуримтлуулах явдал юм. Тухайлбал, Гэгээн нуурыг байгуулж, гадаргын усаар Алтай хотыг хангаж байгаа шиг. Үүнийг Туул, Эг, Орхон гол, Сэлэнгэ, Хэрлэн мөрөн дээр байгуулж болно. Далан боомт барихад наад тал нь нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ч нэгэнт барьчихсан тохиолдолд өртгөө маш богино хугацаанд нөхөж чадахаас гадна гол усаа аврах, усны хангалттай нөөцтэй болох, хүн амыг усаар хангах гээд олон талын ашигтай байх болно. Сэтгэл гаргавал аливаа ажил багаддаггүйг бид Туул гол дээр харсан. Хэдэн жилийн өмнө цөөн тооны минжийг Туул голын эргээр нутагшуулсны үр дүнд сүүлийн 4-5 жил голын ус тасрах нь байтугай тасалдалгүй, харин ч арвин болсныг бид мэднэ. Сэлбэ гол дээр Японы тусламжаар хэдхэн тооны багахан далан байгуулснаар дулааны улиралд байнгын урсацтай боллоо. Энэ бол жижиг ажил боловч хүний нүдэнд харагдах бодит үйл явц байсан. Үүнээс арай томоохон ажил хийхийн тулд бид төр, засагтайгаа нэгдэж, иргэдийнхээ санал санаачилгыг дэмжиж ажиллах ёстой юм.

-Үүнд иргэдийн оролцоо ч чухал гэдэг. Соён гэгээрүүлэх талын ажил дутагдалтай байна уу даа гэж бодогдох юм. Өөр юу байж болох вэ?

-Энэ талаар иргэд маань харин ч ухамсартай ханддаг болсон гэж боддог. Энэ нь усны нийт хэрэглээний таваас доош хувь байсан ч хувь нэмэр гэж сайшаах учиртай. Харин аж ахуйн нэгж, албан байгууллагын усны хэрэглээг хязгаарлах, хэмнэлттэй болгохын тулд үнийн бодлогыг чангатгах нь чухал санагддаг. Манай улсад одоо Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын санхүүжилттэй компакт гэрээ хэрэгжихээр болсон. Энэ нь цэвэр усны хэрэглээг багасгах, саарал усны ашиглалтыг сайжруулах зорилготой юм. Түүнийг ДЦС-уудад ашиглана. Үүний тулд технологийн шийдэл маш чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд төвлөрсөн томоохон байгууламж, тодруулбал, ДЦС-д ашиглах боломж байна. Харин айл өрхөд дахин нэмэлт хоолой тавих гээд асуудалтай.

Ер нь, бусад улс оронд машин угаалгын газар, зочид буудал, саун, ресторан зэрэг усыг асар ихээр ашигладаг газарт үнийн тарифыг өндөр байлгаснаар хэмнэлтийн зарчимд өөрийн эрхгүй шилждэг жамтай. Өнөөдөр орон сууцны айл цэвэр усандаа 1.07 төгрөг, гэр хорооллынхон 2.0 төгрөг төлж байхад автомашин угаалгын газрынхан литр тутамдаа 2.70, бусад аж ахуйн нэгж 2.07 төгрөг төлдөг байх жишээтэй. Гэтэл төсвийн байгууллага 3.11 төгрөг төлдөг байх нь хэр шударга вэ. Энэ тохиолдолд 15-20 мянган төгрөгөөр нэг машин угаадаг газар усыг хэмнэх, саарал ус ашиглах санаа сэтгэл төрөх үү. Үгүй л байх. Дээр нь Ус сувгийг удирдах газрынхан ус ашигласны төлбөр нь их орж ирж байвал баярлаад сууж  байх нь зөв үү гээд бодвол их юм байна. Эндээс харвал уул уурхай, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, нэг өрөөндөө тус бүрдээ жорлон, ванн, зарим тохиолдолд хоёр тосгууртай тансаг зочид буудал, машин угаалгын газар хамгийн  их  төлбөр  төлдөг  байж л хэмнэлтийн зарчимд шилжиж, нөгөө саарал усыг ашигладаг болно. Тиймээс дээр дурдсан газруудад ашигласан усны шоо метрээр бус үйл ажиллагаа эрхэлж л байгаа бол томоохон үнийн дүн тавьж болмоор санагддаг. Ийм байдлаар усны хэмнэлт, саарал усны хэрэглээг дэмжих нь зөв гэж боддог. Ер нь эцсийн эцэст улс орны хөгжлийн гол үндэс суурь нь мөнгө төгрөг, уул уурхай, мал сүрэг ч биш ус гэдэгт би итгэл төгс байдаг хүн. Тийм ч учраас дэлхийн хөгжилтэй, хөгжингүй болон хөгжилгүй ус оронд ч усны асуудал чухлаар тавигдсаар байгаа юм.