Оюутолгойн зардал өссөн тухай мэдээ УИХ-ын чуулганы танхим болон хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Зардлын дараах ашгаас Монгол хувь хүртдэг учраас энэ асуудалд хэн хүнгүй анхаарал хандуулах нь ойлгомжтой. Тэгвэл Оюутолгойн зардал өсөөд буйн шалтгаан нь өнөө л шахаа бололтой. Эрдэнэтэд түлхүүрийн оосроос эхлээд теннисний бөмбөг, чулуун арслан шахдаг шиг Оюутолгойд ч их, бага хэмжээний шахаа явагддаг баримт байна.
Тухайлбал, Оюутолгой дөрвөн жилийн турш зах зээлийн ханшнаас өндөр өртөгтэй шатахуун хэрэглэжээ. Дөрвөн жилийн өмнө шатахуун нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах тендер зарласан байна. Шалгаруулалтад манай томоохон шатахуун импортлогчид оролцож, өөр өөрийн үнийг санал болгожээ. Тэр дундаас хамгийн өндөр өртөг буюу литр тутмыг өнөөдрийн үнээр 1834 төгрөгөөр үнэлсэн М Ойл компанийг Оюутолгой сонгосон байна. Оюутолгой яагаад өндөр үнэтэй шатахуунд “дурлав”?!
Оюутолгой ашиг олох зорилготой бизнесийн байгууллага. Хямд үнээр чанартай бүтээгдэхүүн авах нь бизнесийн байгууллагын наад захын дүрэм. Гэтэл ижил төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудаас хамгийн өндөр үнэ хэлснийг нь сонгосны шалтгаан юу байв. Литр шатахууныг 1750 төгрөгөөр үнэлсэн компаниуд ч бий.
Нийлүүлэгч компани зөвхөн шатахууны литр тутмын үнийг хөөрөгдсөнгүй. Шатахууны хилийн үнэ, онцгой албан татвар, гаалийн татвар, төмөр замын тээвэр, агуулахын зардал гэхчлэнгээр тооцож болох бүх зардлыг нэмэгдүүлж, Оюутолгойд нийлүүлжээ. 551 ам.долларын өртөгтэй хилийн үнийг 580 ам.доллар гэхчлэнгээр мөнгө сааж болох бүх хэлбэрийг ашигласан байна. Харин Оюутолгой энэ бүхнийг мэдсээр, харсаар байж яагаад дуугүй өнгөрөв? Хэний эрх ашгийг тэгтэл нь хамгаалав?
Албан бус эх сурвалжийн мэдээгээр энэ бүхний ард экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг буй бололтой. Бүр тодруулбал М Ойл компани, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёр нэг хэтэвчтэй гэсэн үг. Тиймээс Н.Алтанхуягийн Ерөнхий сайдын албан тушаалыг ашиглан, М Ойл компани Оюутолгойд бусдаасаа илүү үнэтэй шатахуун шахаж. Литр тутмын үнээс эхлээд чамгүй нэмэгдэлтэй шатахууныг Оюутолгой нүдэн балай, чихэн дүлий хүлээн авсны учир энэ байхыг үгүйсгэх аргагүй. Оюутолгой компани гүйцэтгэх засаглалын тэргүүний уурыг хүргэхийг хүсээгүй учраас М Ойлын өндөр үнэтэй шатахууныг авсан байж болох. Ингэснээр Н.Алтанхуягийн хувийн халаас руу чамгүй хөрөнгө урсан орно. Яагаад М Ойлыг сонгох болсон, юуны учир өндөр үнэтэй шатахуунаас татгалзаагүй гэхчлэнгээр цөөнгүй асуултад Оюутолгой хариулт өгөх учиртай.
Оюутолгой хэдий чинээ өндөр зардалтай ажиллана, Монголд төдий чинээ муу. Хилийн гадагш урсаж буй ашиг урсдгаараа урсана. Харин Монгол Улсын төсөвт орох ашиг зардал нэмэгдэх тусам багасна. Үүнийг төрийн эрх барьж байсан Ерөнхий сайд мэдэхийн дээдээр мэднэ. Харин мэдсээр байж зардал нэмэгдүүлэх шахаа хийснийг бол хувийн эрх ашиг, шунал гэхээс өөр юу гэхэв.
Улстөрчид Эрдэнэтэд саалийн үнээ гэх хачин сэтэр зүүдэг. Тэгээд тэрэндээ элдэв шахаа хийн, сааж хувьдаа ашиг хүртдэг. Харин энэ гажиг жишиг Оюутолгойг ч тойрсонгүй, ашиг хүртдэг замыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч алгассангүй.
Эх сурвалж: morningnews.mn