Г.Занданшатар Сангийн яаманд өрийн талаар бодит мэдээлэл өгч байхыг сануулав

Г.Занданшатар Сангийн яаманд өрийн талаар бодит мэдээлэл өгч байхыг сануулав

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Сангийн яаманд өрийн талаар бодит мэдээлэл өгч байхыг сануулав.

 Тэрбээр “Загасны ой санамжтай, тооцоо судалгаагүй, ойрын хараатай, 2024 он хүртэл аргалаад явчих гэсэн Өрийн удирдлагын бодлогоор яваад байвал 2030 он гэхэд Монголоос бүгд  хөөгдөх хэмжээнд хүрэх байна. Энийг олон удаа анхааруулж байгаа шүү. Бондыг бондоор төлчихнө гэж З.Энхболд, Н.Алтанхуяг хоёрыг хэлж байхад бид шүүмжилж байсан. Одоо бид бондыг бондоор, өрийг өрөөр төлөх гэсэн цасан бөмбөлөгийн онолоор явсаар, өр нэмэгдсээр байна. 2011 онд Монгол Улс 9.6 тэрбум ам.долларын өртэй байсан. Одоо 30 тэрбум ам.долларын өртэй болсон. 2016 онд 21.4 тэрбум ам.долларын өртэй болсон. Улсын нийт өр. Төлбөрийн тэнцэл чинь эцсийн дүндээ улсаас л гарна. Гэтэл Улсынх, Засгийнх, Монгол банкных, Төрийн өмчит компаниудынх гэж ялгаад байдаг. Үнэндээ өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулаад эцэст нь Монголдоо амьдарч чадахгүйд хүргэнэ. 2030 онд зөвхөн Нийгмийн даатгалын сангийн өр 16 их наяд төгрөгт хүрэх тооцоо байна. Нийт өр чинь энэ чигээрээ явбал 2030 онд 40 тэрбум ам.долларт хүрнэ. Экспорт, импортын үйлдвэрээ дэмжиж,  төсвийн зарлагаа бууруулж байж, өрөөс салах бодлого тууштай хэрэгжүүлэх ёстой.  2011 ошнд 9.6 тэрбум ам.долларын өртэй байхдаа 37 тэрбум төгрөг зээлийн хүүнд төлж байсан бол одоо 1.2 их наядыг төлж байна. 2016 онд 947 тэрбум төгрөг болж байсан юм билээ. Тэгэхээр  өрийн удирдлагын хувьд эрс өөрчлөлт хийхгүй бол Зимбабе, Замбиас ДНБ болон гадаад өрийн хэмжээгээр бид дутуугүй болчихоод байна. Энэ байдлаар явбал хоёр жилийн дараа дефольт зарлахад эрсдэлд орчихсон. Тоонуудаа үнэн бодитой ярьж байж шийдэхгүй бол байдал хүнд байгаа. Тиймээс Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам тоо баримтаа үнэн бодитоор танилцуулах хэрэгтэй шүү." гэлээ