Дифлимпын 2 дахь аварга төрлөө

Дифлимпын 2 дахь аварга төрлөө

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотноо болж байна.

Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас 3 тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017" дифлимпын мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг жинд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд 4 жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Киргизийн Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпын  аварга болов. Түүх сөхвөөс "Чимээгүй" олимпд 2009 охны 9 дүгээр сарын 10-ны өдөр Тайвань улсад болсон дифлимпод жүдогийн 81 кг-ын жинд Дамдины Очбадрал алтан медаль хүртэж анхны алтан медалийг хүртэж байсан түүхтэй.

 

Мөн дифлимпод Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Даваанямын Баасандорж чөлөөт бөх болон жүдо бөхийн төрөлд хошой мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлж байсан юм.

Харамсалтай нь төр засаг эрүүл  хүмүүсийн олимпийн амжилтанд "цатгалдан" эдгээр сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг тоймтой анзаарч байсан нь үгүй билээ.