Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ

Төрийн өмчит компаниуд Төрийн хэмнэлтийн хуулийг ХЭРЭГЖҮҮЛ

Улс орны нийгэм, эдийн засагт үүссэн хүндхэн асуудлуудыг хор хохирол багатай даван туулахын тулд зөвхөн ард иргэд бус төр засгийн түвшинд ч бүсээ чангалах хэрэгтэй гэдэг шаардлагыг өнгөрсөн сард олон нийтийн зүгээс жагсаал, цуглаан хийж тавьсан билээ.

Тиймээс ч Засгийн газар, УИХ иргэд, олон нийтийн шаардлагыг хүлээн авч, энэ оны улсын төсөвт тодотгол хийхдээ Төрийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр болж, хуульчлан баталсан. Энэ хүрээнд төсөвт байгууллагын зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар төсвийн жил дуустал 39.1 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцож баталсан билээ.

Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд, хэрэгжүүлэхээр тусгасан асуудлуудын нэг нь:

Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг агентлаг, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага дэд, орлогч даргатай байна. Бусад Засгийн газрын агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагыг орлогч, дэд дарга, захиралтай байхыг хориглоно. Нийслэлийн Засаг дарга нь хоёр орлогч, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нь нэг орлогчтой байх бөгөөд сайд, агентлагийн дарга зөвлөхгүй байна гэхчлэн тусгасан.

Улмаар хууль батлагдсантай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон Төрийн өмчит хувьцаат компаниудын ТУЗ-д Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлийг албан ёсоор өгөөд байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаас баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, дагаж мөрдсөн нэг л аж ахуйн нэгж байгаа нь “УБЦТС” ТӨХК юм.

Төрийн өмчит тус аж ахуйн нэгж нь хуульд заасан шаардлагын дагуу 6 дэд захирлаа ажлаас нь чөлөөлж, орон тооны цомхотгол хийжээ.

Тодруулбал, Гүйцэтгэх захирлын удирдлага дор ажиллаж байсан Тэргүүн дэд захирал, Нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал, Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Маркетинг, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал, Хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал гэсэн 6 дэд захирлыг ажлаас чөлөөлж, энэ амаргүй үед удирдлагын үйл ажиллагааг цомхон бүтэцтэйгээр, амжилттай хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Тэгэхээр “УБЦТС” ТӨХК ийнхүү төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхдээ түүчээлж, бусад аж ахуйн нэгжүүддээ үлгэрлэж буй нь сайн хэрэг. Ашиг гэхээсээ алдагдалтай үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ илүү цоллогддог төрийн өмчит бусад аж ахуйн нэгжүүд ч Төрийн хэмнэлтийн бодлогод цаг алдалгүй нэгдэж, хуулийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай юм.

Тодотгоход, Төсвийн захирагч, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горим мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болох талаар хуульчилсан байгаа. Тэгэхээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг төрийн өмчит бүхий л аж ахуйн нэгжүүд мөрдөж ажиллах ёстой юм.