“Ховд нар” станц жилд 17-22 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ

“Ховд нар” станц жилд 17-22 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ

Ховд аймгийн Мянгад суманд барьсан 10 МВт-ын хүчин чадалтай "Ховд нар" нарны цахилгаан станц өнөөдөр ашиглалтад орж, баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд нарнаас сэлбэсэн цахилгаан гэрлийн нэгэн шинэ цутгал нэмэгдлээ. 

Нээлтэд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Энэ үеэр “Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар 2016 онд эхэлж байсан ажил ийнхүү бодитоор биелэлээ олж Ховд аймаг 80 мянган тонн хүлэмжийн хийнээс татгалзан, Монгол Улс эрчим хүч импортлогч бус экспортлогч орон болох эрчим хүчний сэргэлтийн бодит эхлэл тавигдаж байна. Баруун бүс сэргээгдэх, ногоон эрчим хүчний найдвартай эх үүсгэвэртэй болоход нэг алхам ойртлоо” гэж зарим албаны төлөөлөл онцлон дурдав.  

Уг нарны цахилгаан станц жилд 17-22 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг хангаснаар ОХУ-аас худалдаж авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх урьдчилсан тооцоолол гарсан аж.  

Ийнхүү Ховд аймагт “Дөргөний усан цахилгаан станц”-аас гадна хоёр дахь, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болжээ. 

“Ховд нар” нарны цахилгаан станц  туршилтаар ажиллахдаа сар гаруй хугацаанд 2.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ.  Ийнхүү Мянгад сумын 100 орчим жилийн хур хогийн цэг байсан талбайгаас баруун бүсийн аймгуудын хэрэглэгчдийг хөгжилд хөтлөх “гэрэл цахилгаан” ундарч буй.