БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 26-наас эхэлнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 26-наас эхэлнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр явагдах бөгөөд системийг 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдах юм байна.

Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 2022 оны тавдугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ фэйсбүүк пэйжид байршуулах аж.
Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18- 39 настай байх (1982 оны 5 дугаар сарын 26-наас 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
  • Бүртгүүлэхэд урьдчилан бэлтгэх зүйл:
  • Цээж зураг (Хуулбарыг файлаар бэлтгэх) Хэрэв цээж зураг нь гадаад пасспорт иргэний үнэмлэхнээс өөр байвал шалгалт өгөх боломжгүй болно. 15 kb-аас доош хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg) Цээж зургийг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай авахуулсан байна. (сүүлийн 3 сарын дотор). 1 хувь цээж зураг (хэмжээ 3,5*4,5см)-ийг файлаар урьдчилан бэлтгэсэн байх. Өөрийн цээж зургийг селфи хэлбэрээр болон бусад шаардлага хангахгүй байдлаар оруулсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгоно.
  • Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл, Овог, нэр англиар /латин үсгээр/ бичигдсэн байна. СХТТШ-нд бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл паспортаас зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлагатай холбоотой тул бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспортыг бэлтгэхийг зөвлөж байна.
  • Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Cолонгос Улсад ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.
  • Бүртгэлийн хураамж: 24 америк доллартай тэнцэх Монгол төгрөг аж.

Шалгалт өгөх хуваарийг 2022 оны наймдугаар сарын 8-ны өдөр зарлана. Шалгалт наймдугаар сарын 22 -ноос есдүгээр сарын.27 хооронд явагдана.