ЭМЯ: "Сармагчны цэцэг" өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх хэрэгтэй
Сармагчны цэцэг өвчин дэлхийн олон оронд бүртгэгдэж байгаа. Цар тахлын дэглэм суларч, иргэд энгийн амьдралын хэв маягт шилжсэн өнөө үед шинэ төрлийн тахал дэгдэв үү гэх айдас олон нийтийн дунд бий болоод буй. Тэгвэл уг өвчний талаар Эрүүл Мэндийн Яамны (ЭМЯ) Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр "Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэхээр тандалт хийх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэх төлөвлөгөө гаргаж байгаа. Үүний хүрээнд хилийн нэвтрэх цэгийн тандалтыг сайжруулах, нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өгч байна. Мөн эмч ажилчдыг сургаж хариу арга хэмжээг идэвхжүүлж ажиллана. Хэрэв халдварт өвчин батлагдсан тохиолдолд тухайн хүнийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатай. Гаднын улс орноос ирж буй иргэдийн халууныг нь үзэж, салхин цэцгийн вакцин эсэхийг нь асууна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь чухал" гэв.