Иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд 120 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд 2017 онд Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын дуусаагүй орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж байгуулна. Мөн Улаанбаатар хотод “Буянт ухаа 2” орон сууцны хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, цаашид хэрэгжүүлэхэд бэлэн болсон “Буянт ухаа 2-2”, “Буянт ухаа 3”, “Эко яармаг”, “7 дугаар хороолол” зэрэг орон сууцны хороолол, хотхоны төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эдгээр төслүүд хэрэгжснээр нийт 8717 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой болно гэж Ерөнхий сайд хэллээ.
2017 оны 3 дугаар сарын байдлаар 1028 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчийн тоо 90.4 мянгад хүрсэн байна. Үүний 77.8 хувь нь орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан байна.
Цаашид гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл, “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг тус тус үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, 20000 айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор нийслэлийн 24 байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, 8 байршилд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй аж. Тус 32 байршилд нийтдээ 85190 иргэдийн 17667 нэгж талбарын 1615.8 га талбай хамрагдах бөгөөд энэ нь нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрийн 15 хувь, гэр хорооллын хүн амын 10 хувийг хамрах юм байна.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан 7 дугаар хороолол, Буянт-Ухаа, Ирээдүй, Яармаг зэрэг орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажилд 12.4 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж дуусах шатандаа ороод байна гэлээ.
Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Нийслэлд 1000 айлын түр суурьших орон сууцыг барьж ашиглалтад оруулах” зорилтын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зориулалтаар БНХАУ-аас олгох 350,0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын бүсэд 1000 айлын түр суурьших орон сууц барихаар бэлтгэл ажлыг хангуулжээ.