Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт авто замын салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн авто замын сүлжээг бий болгох зорилтын хүрээнд 2017 онд 21 чиглэлийн 1412.77 км хатуу хучилттай авто зам, 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг улсын төсвийн 5.29 тэрбум, Хөгжлийн банкны 23.84 тэрбум, гадаадын зээл, тусламжийн 509.93 тэрбум, нийт 539.06 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх аж.
Эдгээрээс шинээр 7 чиглэлийн 506.5 км авто замын барилга болон их засварын ажлыг эхлүүлэхээр, он дамжин хийгдэж байгаа 14 чиглэлийн 973.26 км авто зам болон 3 байршилд 639.6 у/м төмөр бетон болон хөвдөг гүүрийн барилга, их засварын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм байна.
Авто замын салбарт он дамжин баригдаж байгаа авто зам, гүүрийг энэ онд дуусган ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 80 хувь, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто замын барилга, гүүрийн их засварын ажил 60 хувь, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар буюу концессын гэрээгээр хэрэгжиж байгаа авто зам, хөвдөг гүүрийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй яваа юм байна.
Авто замын хөдөлгөөний эрчим ихтэй хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 эгнээ бүхий 4 дүгээр зэрэглэлийн 220 км авто замыг 1 дүгээр зэрэглэлийн хоёр урсгалтай, 4 эгнээтэй цемент бетон хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх ажлыг эхлүүлэхээр урьдчилсан судалгааг хийж, зураг төслийг боловсруулж дууссан бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр энэ хавраас хэрэгжүүлж эхлэх аж.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах зорилтын хүрээнд 2017 онд Дорнод аймаг, 2018-2020 онд Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөж байна. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн их даацын 250 орчим км авто замын ажлыг энэ оны тавдугаар сараас эхлүүлж, 18 сарын хугацаанд барьж дуусгахаар хөрөнгө оруулагч талтай хэлцэл хийж байна хэмээн Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан.