СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ Хятад ард улсын иргэн Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017.05.08-ны 09:00 цагт хуралдаж 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангил эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв
Шинэ оны босгон дээг нэг гэр бүлийн гурван иргэнийг заазуурдсан гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарч, олныг цочирдуулж байсан. Тодруулбал, 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн Ө гэгч архи ууж согтуурсан үедээ уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон юм.
Тэрбээр 46 настай эмэгтэй Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг, дөрвөн настай А-гийн толгойг тус бүр 2-3 удаа заазуурдсан байна. Үүний улмаас дөрвөн настай А газар дээрээ нас барсан.
Тодруулбал Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан "БНХАУ-ын иргэн Ө нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Х-н гар, духны хэсэгт 6 удаа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар алсан, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь байсан 4 настай А-ын зулайн тус газарт заазуурдаж алсан, мөн 12 настай Б-ын толгойн тус газарт заазуурдаж хүнд гэмтэл учруулан санаатайгаар алахыг завдсан” хэрэг гарсан байдаг.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр сэжигтэн Ө нь Монгол улсад анх 2007 онд ирсэн гэнэ. Тэрээр 2008 онд эхнэртэйгээ танилцаж, 2014 онд гэрлэлтээ батлуулжээ. Талийгаач Х нь багш мэргэжилтэй хэдий ч “Хархорин” зах дээр худалдаа хийдэг байжээ. Харин гэмт хэрэг үйлдсэн гэх Ө нь “Хуа Ди” гэх хятадын компанид орчуулагч хийдэг байсан гэнэ. Урьд нь тэрээр ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж.
Хэрэг гардаг өдөр тэрээр хадам эгчийндээ эхнэрийнхээ хамт очиж шинэ жилийн баяраа тэмдэглэчихээд гэртээ ирсэн гэдэг. Удалгүй тэд хоорондоо муудалцах үед сэжигтэн Ө нь “эхнэрээ ална” хэмээн заазуур барин дайрсан байна. Энэ үед тэднийд үлдсэн зээ дүү нь унтаж байсан бөгөөд Ө түүний толгойн тус газарт заазуурдаж, амийг нь бүрэлгэсэн байдаг. Мөн дагзандаа заазуураар цохиулсан эхнэр нь шархаа даалгүй газар дээрээ амьсгал хураасан. Зүүн гарандаа гэмтсэн 15 настай дагавар хүү нь тухайн өдрөө ГССҮТ-д хүргэгдэн ирж, яаралтай мэс засалд орсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллэж байсан билээ.
Ийнхүү олныг цочирдуулсан уг хэргийн анхан шатны шүүх болж шийдвэрээ гаргав. Прокурорын байгууллагаас гэмт этгээдэд цаазаар авах ял оноох хүсэлтийг шүүхэд танилцуулсан мэдээлэл байна. Харин Монгол улс цаазаар авах ялаас татгалзсан учраас түүний яллах ял 25 жил болсон гэх тайлбарыг ч хууль хүчний байгууллагынхан өгч байна.