Төмөр зам тавих, өргөн эсвэл нарийн царигтай болох асуудал хэзээ нэг талдаа шийдэгдэх вэ? Төрөөс баримтлах төмөр замын бодлого гараад бараг 10 жил болох нь. Энэ хугацаанд Монгол улс нэг км төмөр зам тавьж чадсангүй. Үүнийхээ уршгаар уул уурхайн баялагаа авто машинаар зөөвөрлөж байгаль орчноо сүйтгэх болов. Дээр нь дэлхийн зах зээл дээр үнээр өрсөлдөх боломжгүй нөхцөлд байдалд хөлөө тушуулчихсан сууж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын асуудлыг гартаа атгаж, шийдвэр гаргаж явсан эрхэмүүд өнөөдөр чухам ямар гавьяа байгуулж, хэдий хэмжээний гай тарьсан вэ гэдгийг шүүн тунгаах цаг нэгэнт болжээ.
2015 онд “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг”компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон гэх асуудал сөхөгдөж байлаа. Энэхүү хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалган тогтоохоор ажиллаж байгаа гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна төмөр замтай нэр нь холбогдог улс төрчид хамаатай гэсэн шуугиан гарч байлаа.
Б.Батзаяа нарын хэрэг Авлигатай тэмцэх газарт яригдаж, цагдан хорих асуудал хурцтай өрнөж эхэлсэн цаг саяхан. Тэднийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263.3 дугаар зүйл ангид зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Хэргийн талаар сануулахад, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум төгрөг өгсний 22 тэрбумыг нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан байж болзошгүй хэмээн уг хэргийг анх шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, уг ажлыг хийх компанийг тендергүйгээр шалгаруулж, Чингис бондын мөнгөнөөс 5.8 сая ам.доллар олгох эрх олгосон эзэн өнөөг хүртэл тодроогүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хууль хяналтынханд төрийн томоохон төслийг эхлүүлэх явцад өөрсдийн танил тал, багийн хүмүүсээ албан тушаалд томилж, тэднээр дамжуулж төрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулж улсыг хохироосон гэх үндэслэл гарч иржээ. Уг хэрэгт холбогдсон Б.Батзаяа болон “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нар ч буруугаа хүлээж, мэдүүлэгт гарын үсэг зурсан гэх мэдээлэл байдаг. Тэд дээрх ажлуудыг хийхдээ дээрх албан тушаалтнуудын заавар, зөвлөмжийн дагуу хийсэн гэж хэлсэн тухай улс төрчид ярьдаг. Энэ нь дээрх албан тушаалтнуудыг хэрэгт татан шалгах нөхцөл бүрдсэн байна. Мөн хоригдож буй хүмүүсийн ярьж байгаачлан Б.Батзаяа нарт үүрэг өгсөн байж болох баримт ч олдсон гэх мэдээлэл байдаг гэнэ. Энэ мэтээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарт хамаарах, тэднийг холбогдуулан шалгах үндэслэлүүд гарсан талаар АТГ-аас тайлбарладаг. Ийнхүү УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс шалгаж дуусчээ. 2016 оны 11 сарын 15-нд буюу Нийслэлийн прокурорын газарт хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. Харин гадаадын улс руу зугтаасан гэгдэх “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарын холбогдох үйлдлийг тусгаарласан гэх мэдээлэл гарч байлаа. Энэ мэдээллээс хойш төмөр замын хэрэг чухам хэрхэн шийдэгдэх гэж байгаа нь алга болов. Проукоры байгууллага дээр очсон төмөр замйын хэрэг чухам юу болов?