ЭТТ ХК нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 2.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ

ЭТТ ХК нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 2.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ

Шилдэг 22 аж ахуйн нэгж, компанийн 30 гаруй төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай танилцах аялалд оролцжээ.

Энэ үеэр "ЭТТ" ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум, уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон дэд бүтцийн төслүүдтэй танилцсан байна.

Цанхи хотхон, Зүүн, баруун цанхийн үйл ажиллагаа, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын явц болон нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн урт хугацааны стратеги болон дунд хугацааны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл нь жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий 3 үйлдвэрээс бүрдэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор шинээр байнгын 472 ажлын байр бий болох аж.

Тавантолгойн орд нь нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд тавдугаарт, металлургийн нүүрсний чанарын хэмжээгээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн найман тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсний нөөц нийт 7.07 тэрбум гэж олон улсын жорк стандартаар баталгаажуулсан гэж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулжээ.

Мөн тус компани гадаад, дотоод өр төлбөргүй, алдагдалгүй, ашигтай ажиллаж, дэд бүтэц бүтээн байгуулалтын төслүүдээ эхлүүлснээс хойш Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 2.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийжээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км урт, 1 өртөө, 6 зөрлөгтэй төмөр замын зүгшрүүлэх тээвэр эхэлсэн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам ирэх 7 дугаар сард ашиглалтад орох юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 110.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна.

Тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш нийт 83.5 сая тонн нүүрс олборлож, 76.6 сая тонн нүүрс экспортолж, 9.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, 2.3 их наяд төгрөгийн татвар хураамжийг улсын төсөвт хуримтлуулж, шууд болон шууд бус байдлаар 20 мянган ажлын байрыг бий болгосон хэмээн тайландаа дурджээ.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөг батлуулж, төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байгаатай аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд танилцсан бөгөөд цаашид төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах боломжтойг" Эрдэнэт Тавантолгой" илэрхийлсэн аж. 

Эх сурвалж: МҮХАҮТ