“НУТГАА ЗАРУУЛАХГҮЙ” тайван жагсаал 05 сарын 30- 06 сарын 03 өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр болно
Говийн аймгуудын малчид нэгдэн говь нутагт олгогдсон замбараагүй лиценз бүхий уул уурхайг эсэргүүцэж 2022 оны 05 сарын 30- 06 сарын 03 өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр тайван цуглаан,жагсаал хийнэ.
Нүүдлийн уламжлалт соёлын өвийг тээгч Говийн бүсийн малчид Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол улсын үндсэн хуульд зааснаар “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх”-ээ сэргээн хангуулах үүднээс 9 зүйл шаардлагыг хүргүүлж байна. Нэн эмзэг, хуурай уур амьсгалтай говийн бүс нутагт цөлжилт эрчимжиж, уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байна.
Говийн бүсэд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдахад Засгийн газрын уул уурхайн салбарын бодлого, түүний хэрэгжилтийн үр дагавар хүчтэй нөлөөлөл үзүүлж байна. Малчид нэг талаас Засгийн газрын уул уурхайн харалган бодлогын нөгөө талаас байгаль цаг агаарын өөрчлөлтөд хавчигдаж, НҮҮДЛИЙН УЛАМЖЛАЛТ МАЛ МАЛЛАХ СОЁЛ ноцтой байдалд хүрээд байна.
Говьчуудын амь амьдрал болсон гүний усыг уул уурхайн үйлдвэрлэлд замбараагүй ашиглаж, түүнд төрийн хяналт хариуцлага байхгүй байна. Олон худаг, ус ширгэж хүн, мал усны хомсдолд хүрч мал усаар цангаж үхэж байна, жил ирэх бүрий ган, зуд байгалийн гамшиг түүний давтамж улам нэмэгдэж байна. Стратегийн орд бүрээс хилийн боомт бүр рүү чиглэсэн шороон замаар хүнд даацын тээврийн 270-470 км ийн урттай 20-40 салаа замууд “нарны цацраг лугаа” гарч нэн эмзэг говийн хөрс, ургамлыг үндсээр нь онгичин хүн, мал, амьтан эрүүл амьдрах ямар ч боломжгүй нөхцөлд хүрлээ.
Говийн бүс дэх уул уурхайн бодлогод салбар дундын, тогтвортой хөгжилд чиглэсэн төрийн холч ухаан, хүний эрхэд эээлтэй бодлого, зохицуулалт огт байхгүй байсаар ирлээ. Говийн аймгуудад уул уурхайн тусгай зөвшөөрөл хэт замбараагүй, олон нийтийн оролцоогүй, орон нутгийн саналын эсрэг автоматаар олгогдсоноор эх нутаг, газар шороо, ирээдүй үеийнхээ эрх ашигтайгаа дуудлага худалдаанд зарагдаж байна. Говьчууд говь нутгаа заруулах хүсэлгүй, энэ тогтолцоо, залийг ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ байна.
Говь нутаг эх оронч бус улс төрчид болон үндэсний эрх ашгийн золиос болж байгаад говьчууд БУХИМДАЖ БАЙНА. Газрын хэвлийн баялагаа олборлосооор ирсэн ч ядуурал буураагүй, ажлын байр нэмэгдээгүй, цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдээгүй, хөдөлмөрийн хөлсний хэмжээ маш бага боолын цалинтай, эцэстээ улс орон өрөндөө баригдаж дампуурал зарлахад бэлэн болсон байгааг говийн малчид ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. Нэмж тусгай зөвшөөрлүүд олголоо гээд юу өөрчлөгдөх вэ? Засгийн газрын эрдэс баялагийн салбарын бодлого, үйл ажиллагаа бүр нь Хүрээлэн буй орчинд харгис ул мөр үлдээж байна, нүүдлийн мал маллах уламжлалт соёлд хүнлэг бус, харгис хэрцгий хандаж, малчдыг ялгаварлан гадуурхаж, үл хүндэтгэж байгаад малчид бид БУХИМДАЖ БАЙНА.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг нэн яаралтай хуралдуулж энэ байдлаас гарах шийдвэрийг нэн даруй гаргах, эрсдлийг арилгах, алдааг засах, дахин давтахгүй байх боломж, бүх эрх мэдэл байна гэж үзэж байна. Иймд Одоогоор Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн 100 гаруй малчин ирж УАБЗ-ийг хуралдаж шийдвэр гаргахыг шаардах жагсаалыг түүчээлж байна. Дорноговь аймгийн Даланжаргалан, Мандах, Дундговь аймгийн Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Өмнөговь аймгийн Хүрмэн, Номгон сумдаас малчид хүрэлцэн ирж, газар нутаг, байгаль орчинд тулгамдаад байгаа асуудлыг хөндөж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГООР - НҮҮДЛИЙН УЛАМЖЛАЛТ СОЁЛЫН ӨВ УСТАХ АЮУЛД ХҮРЛЭЭ. ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГЭЭР - УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА МАЛЫН БЭЛЧЭЭРИЙГ БУЛААН ДЭЭРЭМДЭЖ ХҮН, МАЛЫН ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА.