ЭМГЭНЭЛ

 

                БЭХБАТЫН МӨНХТУЯА                                                          (1959-2022)

Бидний хайрт ээж, охин, эгч, дүү Бэхбатын Мөнхтуяа 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.

Б.Мөнхтуяа нь 1959 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай гэдэг газарт төрсөн. Бага насаа ясли, цэцэрлэгт хүмүүжиж 1968-1978 онд Дорнод аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг бүрэн дунд, 1978-1981 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Мал эмнэлгийн ангийг малын эмч мэргэжлээр төгссөн.

1984-1985 онд Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн цэцэрлэгт туслах багшаар ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1985-1989 онд Баянтүмэн тасгийн туслах аж ахуйд малын эмч, 1991 оноос Баянтүмэн тасгийн замын 5-р ангийн ПД-3, ПД-4, ПД-5 хэсгүүдэд замчнаар ажиллаж байгаад 2009 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

Тэрээр төмөр замчнаар тасралтгүй 21 жил ажиллах хугацаандаа Баянтүмэн тасгийн замын бүх хэсэгт дамжиж сэлгэн ажилласан. Энэ хугацаанд очсон хэсэг бүртээ хамт олондоо нэр хүндтэй, эвтэй, гар нийлэн ажлын төлөө сэтгэлтэй ажиллаж ирсэн манай тэргүүний манлайлагч эмэгтэй замчдын нэг нь байж, бусаддаа үлгэр дуурайл үзүүлж байсныг үнэлж Баянтүмэн тасгийн ахмадын зөвлөлийн хамт олны саналаар “Хүндэт төмөр замчин” цол, тэмдгээр шагнагдсан.

Бидний ээж Б.Мөнхтуяа нь амьдралын хань И.Батхуягтай 1978 онд ханилан сууж 2 хүү, 4 охин төрүүлж, 43 жил хамтдаа амьдрахдаа 14 ач, зээгээ өсгөлцөн өөрийн ухамсарт амьдралаар үр хүүхэд, ач, зээдээ үлгэрлэсэн эрхэм гавьяатай эгэлгүй нэгэн байв.

Түүний ажилч хичээнгүй, нөхөрсөг, үнэнч шударга, тусархаг сайхан сэтгэл, хүнлэг энэрэнгүй зан чанар бид бүхний зүрхэнд үүрд мөнх хоногшин үлдэх болно.

Ээж минь Таныхаа гэгээн дүр төрхийг үргэлж санан дурсахын зэрэгцээ үнэ цэнэтэй зөв амьдрах үнэтэй сургаалыг тань үр хүүхдүүд бид бүхэн үеийн үед үүрд сахин биелүүлж явахаа илэрхийлье. Та минь эх орныхоо зөөлөн хөрс шороонд амгалан нойрс доо.

                 Ум ма ни бад мэ хум

Ээж, эгч, үр хүүхдүүд, дүү нар, төрөл төрөгсөд