Г.Байгалмааг МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан, Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан, 27 байр “завшсан” үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэллээ

Г.Байгалмааг МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан, Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан, 27 байр “завшсан” үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэллээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, МоАХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмааг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Түүнийг гурван ноцтой үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

            Нэгдүгээрт, МоАХ-ын газрыг банкны барьцаанд тавьсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл цацагдаж байлаа. Тэгвэл уг зээлийг Г.Байгалмаатай тэргүүтэй хүмүүс гардаж зохион байгуулсан байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтын байгууллагынхны гарт иржээ. Учир нь, тэрбээр МоАХ-ын газрыг барьцаанд тавих үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, МоАХ-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

         Хоёрдугаарт, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын гарын үсгийг дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж байна. Тодруулбал, тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдэн МоАХ-ны газрыг 15 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

         МоАХ-ны газрыг “Пирамид-Орд” ХХК-ийн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн Х.Баттулга, УЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нарын гарын үсэгтэй баримт ил болж байлаа. Тус баримтад "МоАХ-ны Удирдах зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын нэгний өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн “МоАХ-ны Хан-Уул дүүрэгт байрлах № 000303769 тоот гэрчилгээтэй 10 мянган мкв газар эзэмших эрхийг Хөгжлийн банкнаас авах “Пирамид орд” ХХК-ны зээлд барьцаалахыг зөвшөөрсүгэй, үүнтэй холбоотойгоор барьцаалах гэрээнд барьцаалуулагч буюу МоАХ-г төлөөлөн гарын үсэг зурах эрхийг “Пирамид орд” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Цолмон, гүйцэтгэх захирал Ц.Хонгорзул нарт олгосугай” гэсэн байсан юм. Уг тогтоолд Х.Баттулга гарын үсэг зурж, баталгаажуулсан байсан юм. Тэгвэл тус албан бичиг хуурамч байж магадгүй бөгөөд Г.Байгалмаа Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан байж болзошгүй байгаа аж. Ийм үндэслэлээр түүнийг шалгаж байна.

       Гуравдугаарт, Х.Баттулгын удирддаг МоАХ ТТБ нь Э.Бат-Үүлийг Хотын дарга байх үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “Есөн мянга гаруй м.кв газрыг “МоАХ-ны ахмадуудад зориулсан орон сууц барина” гэх нэрийдлээр авсан байдаг. Ахмадуудад зориулсан газарт “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус” хотхоныг барьж, Г.Байгалмаад 27 байр олгожээ. Г.Байгалмаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ахмадуудын байрыг хувьдаа завшиж, танил талдаа олгосон байж болзошгүй байгаа  гэнэ. 

        Өөрөөр хэлбэл, МоАХ-ны ахмадуудад олгосон газарт “Пирамид-Орд” ХХК "Буман залуус" гэх орон сууцны хорооллыг барьсан гэсэн үг. Тус орон сууцнаас Г.Байгалмаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 27 байрыг ах, дүү, амраг садандаа олгосон байж болзошгүй аж. Мөн тус компани нь орон сууц барихын тулд МоАХ-ын газрыг барьцаанд тавьж, Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөг авсан. Банкнаас зээл авах зөвшөөрлийг Г.Байгалмаа хуурамчаар үйлдэж, бүлэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, түүнийг АТГ-аас шалгаж байна.  

Г.БАЙГАЛМАА ГЭЖ ХЭН БЭ

Г.Байгалмаа нь Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан. Мөн тэрбээр Барилга, хот байгуулалтын дэд сайд, МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан англи, орос, герман хэлтэй гэх.

Эх сурвалж: Ergelt.mn