БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч тодорлоо

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч тодорлоо

БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ авилга, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2017 оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцорч, улмаар шүүхэд байцаагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг хоёр сарын өмнө зарласан.

Өчигдөр /2017.05.09/ Өмнөд Солонгос улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өглөөний 07 цагт эхэлж, 20 цагт дууслаа.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 42 сая хүн санал өгөхөөр бүртгүүлсний 77.2 хувь нь саналаа өгчээ. Энэ нь 2012 оны сонгуультай харьцуулахад сонгуульд санал өгсөн иргэдийн тоо 2 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Сонгуулийн үеэр нийт 14 мянган санал хураах байр ажилласан байна.

БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 08-10 цагийн хооронд албан ёсоор зарлаж, Сонгуулийн ерөнхий хороо шинэ ерөнхийлөгчийг баталгаажуулах ажээ.

Урьдчилсан байдлаар “Тобуро” Ардчилсан намаас нэр дэвшигч Мун Чжэ Ин ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Тэрбээр одоогийн байдлаар нийт саналын 41.1 хувь, “Чөлөөт Солонгос улс” Консерватив намаас нэр дэвшигч Хон Чжун Пхё 23.3 хувь, Ардын намаас нэр дэвшигч Ан Чхоль Су 21.8 хувийн саналыг тус тус авчээ.

МУН ЧЖЭ ИН ГЭЖ ХЭН БЭ?

Улс төрийн арвин туршлага хүн. Тэр Пак Чон Хи ерөнхийлөгчийн үед ардчилалын сөрөг хөдөлгөөнд нэгдэж байсан. Хуульч мэргэжилтэй, олон жил өмгөөлөгчөөр ажилласан. Энэ үед Мун Чжэ Ин нь Но Му Хёнтай танилцаж, улмаар 2007-2008 оны үед Но Му Хён ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байсан. Мун Чжэ Ин нь ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд олон удаа оролцож байсан ба 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Пак Гын Хэд ялагдаж байсан юм. 

ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ СОЛОНГОСЫН ХОЙГТ ЭНХ ТАЙВАНЫГ АВЧРАХ УУ?

Гадаад бодлогын хувьд Мун Чжэ Ин нь Пхеньянтай яриа хэлэлцээ хийх зорилготой байгаа. Мөн АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD асуудлаар Бээжин болон Москватай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Тэр бүс нутгийн түншүүдтэй тохиролцоонд хүрэхээс нааш тус улсад АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгсэл байршуулахыг түр хойшлуулна гэж амласан. Гэхдээ шинжээчид Мун Чжэ Ин THAAD-ийг байршуулах гэрээг цуцалж чадахгүй гэж харж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албыг консерватив намын төлөөлөгч удирдаж байсан. Иймээс Мун Чжэ Ин нь улс эх орондоо маш олон зүйлийг өөрчилнө гэж амласан нь ард түмний дунд нэр хүндийг нь өсгөхөд нөлөөлсөн гэдэг. Тэрбээр зөвхөн АНУ-тай харилцах харилцаанд төвлөрөхгүй, олон талт улс төрийн харилцааг чухалчилна гэж амласан. Түүнд БНХАУ-тай муудсан харилцаагаа өөрчлөх, хойдуудтай итгэлцлээ сэргээх чухал үүрэг оногдож байгаа.

THAAD-ийг Өмнөд Солонгост байршуулахыг цуцлах боломжтой. Гэхдээ цаг алдвал үүнийг зогсоох боломжгүй. Учир нь АНУ бол Сөүлийн стратегийн гол түнш. Харин Мун Чжэ Ин болон тус улсын бусад ерөнхийлөгч нар шийдэмгий алхам хийх боломжтой супер ерөнхийлөгчийн засаглалтай улс биш гэдгийг санах хэрэгтэй гэдгийг шинжээчид анхааруулж байна.

Э.УРАНЦЭЦЭГ

эх сурвалж: news.mn