Ц.Төмөр-Очир: Гуравдугаар эмнэлгийн эмч, ажилчид амбулаторид хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн

Ц.Төмөр-Очир: Гуравдугаар эмнэлгийн эмч, ажилчид амбулаторид хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн

Эрүүл мэндийн байгууллагатай холбоотойгоор 11-11 төвд ирсэн гомдол саналыг шийдвэрлэсэн асуудлаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

Энэ үеэр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн (УГТЭ) ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир "11-11 төвд  ирсэн иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байна. УГТЭ-т тавдугаар сард нийт 42 санал, гомдол өргөдөл ирсэн. Тодруулбал, 

  • Санал 12 орчим хувь
  • Гомдол 60 орчим хувь 
  • Хүсэлт 10 орчим хувийг 
  • Талархал 15 хувийг тус тус эзэлж байна. 

Жишээлбэл, зүрх мэдрэлийн тусламж үйлчилгээний ачаалал их байгаа. Үүнтэй холбоотойгоор эмч ажилчид амбулатори дээр хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн. Тиймээс үдээс хойш иргэд үйлчлүүлэх боломжтой. 

Эмч мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой гомдол ирж байгаа. Ёс зүйн хороотойгоо хамтарч ажиллаад тавдугаар сарын байдлаар хоёр эмчид  хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан. 

Цаг байхгүй гэх гомдол иргэдээс ирдэг. Иргэд товлолт цагийн ач холбогдлын талаар сайтар ойлгох хэрэгтэй байгаа. Товлолт цагаа авсан хүмүүс үзлэг оношилгоонд орно. Харин нэн яаралтай үед яаралтай тусламжийн тасаг ажиллаж байгаа. 

УГТЭ-ийн 1800-0119 утсыг ажиллуулж, хоёр оператор хариу өгч байгаа.  Эхний дуудлага хоёр минутын хугацаанд дуудаж байна. Ийм учраас дуудлага авахгүй байна гэх гомдол, санал гардаг.  Дуудлагын хугацааг богиносгож хариуг шуурхай өгч дараагийн дуудлага руу шилжих үйлчилгээг зохион байгуулсан" гэв. 

Мөн тэрбээр "Амбулаторид 16:20 цагаас хойш хоёрдугаар ээлж нийт найман кабинетыг тогтмол ажиллуулж байна. Сувилагч мэргэжилтнүүдийг илүү цагаар ажиллаж лавлагааны шатны тусламж үйлчилгээг  шуурхай үзүүлж байгаа.  Ялангуяа, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ, тархи нуруу нугасны чиглэлийн  тусламж үйлчилгээнд дээр хүлээгдэл их байгаа. Өмнө нь сарын хүлээгдэлтэй байсан бол тавдугаар сард арга хэмжээ аваад 20 хоног руу  буюу арван хоногоор буулгаж ажиллаж байна" хэмээн мэдээллээ.