Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, дэлхийн рекорд эзэмшигч Э.Содномпилжээ анагаах ухааны төвд ор бэлэглэлээ
Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд өнөөдөр спортын эмчилгээний зориулалттай хоёр ор хандивлах арга хэмжээ болов. Тус ор нь Японд үйлдвэрлэгдсэн өдрийн эмчилгээний бүрэн автомат тоног төхөөрөмж юм. Энэхүү хоёр орыг паралимпийн наадмын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигт гардуулан өглөө.
Тус орыг хандивлах үйлсэд түүнээс гадна хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, Д.Сумъяа, М.Уранцэцэг нар хандив өргөсөн байна. “Парис-2024” зуны олимпийн наадмын өмнө энэхүү тоног төхөөрөмжийг хандивласан нь шигшээ багийн тамирчдад зүй ёсны дэмжлэг болж байна.