МЭДРЭЛ, ТАРХИ, НУГАСНЫ ЭМЧИД ҮЗҮҮЛЭХЭД 20 ХОНОГИЙН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА
Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир :
Манай эмнэлгийн хувьд товлолт цагийн үйлчилгээний талаар иргэдийн санал гомдол дийлэнх байгаа учраас ачааллыг багасгах, шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна. 1800-1901 лавлах дээр манай эмнэлгээс 2 оператор сууж, дуудлагын хугацааг аль болох богиносгож, холбогдсон хүн бүрт хүрч ажиллахыг хичээж байгаа. Мөн иргэдийн танхим ажиллуулж, иргэдийг эмч мэргэжилтнүүд маань биеэр хүлээн авч, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж байна.
Зүрх мэдрэлийн чиглэлийн тусламж үйлчилгээний ачаалал их байгаа учраас иргэдийг хоёр ээлжээр хүлээн авч, үдээс хойш үйлчлүүлэх боломжоор хангасан. Ачаалал ихтэй найман кабинетийг 16 цагаас 20 цаг хүртэл тогтмол амбулаторит ажиллуулж эхэлсэн. Мөн мэдрэл, тархи нугасны чиглэлийн тусламж үйлчилгээ сар гаруй хугацааны хүлээгдэлтэй байсныг тавдугаар сард боломжоороо бууруулж, 20 хоногт оруулаад байна. Яаралтай мэс заслын баг томилж, төлөвлөгөөт хагалгааны хүлээгдлийг бас бууруулах зорилго тавьсан. Эмч мэргэжилтнүүдийн харилцаа хандлагатай холбоотой гомдол багагүй байгаа учраас ёс зүйн хороотойгоо хамтран энэ талаар зохих арга хэмжээнүүд зохион байгуулж, хоёр эмчид сахилгын арга хэмжээ авсан. Иргэдийн зүгээс гуравдугаар эмнэлэгт шууд ирээд л үзүүлнэ гэвэл хүндрэлтэй, товлолт цагийн бүртгэлээ хийлгэж ирнэ гэдгийг анхаарч, хүлээцтэй хандахыг хүсч байна.
ӨНДӨР ХАЛУУРАХ ШИНЖЭЭР ИЛЭРДЭГ ТОМУУГИЙН ДЭГДЭЛТ БУУРААГҮЙ БАЙНА
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа:
Манай хүүхдийн эмнэлэг сүүлийн гурван сард нэлээн ачаалал өндөртэй ажиллаж байна. Зөвлөх поликлиникээр долоо хоногт 5000 гаруй хүүхдэд үйлчилдэг. Яаралтай тусламжийн тасгаар 1600-1800 хүүхдэд үйлчилж байна. ХӨСҮТ-ийн долоо хоног бүрийн мэдээг авч ажилладаг. Сүүлийн долоо хоногт Томуугийн А хүрээний H3N2, SARS COV2 болон бусад томуу төст өвчний вирус идэвхтэй дэгдэлттэй байна. Хүүхдэд өндөр халуурах шинжтэй илэрч байгаа томуугийн өвчлөл ковидын өмнөх хоёр жилтэй харьцуулахад буурахгүй үргэлжилж байна. Ковидын өвчлөл буурснаас үүдэж халдвар хамгааллын дэглэмээ бууруулснаас болж томуугийн дэгдэлт өндөр байна. Яаралтай тусламжийн тасгаар 24 цагтаа 280-480 хүүхдэд үйлчилдэг. Тиймээс хоёр эмч, 4 резидент эмч нэмэлтээр ажиллуулж эхэлсэн. Ачаалал ихтэй цаг олдохгүй байна гэсэн иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 1,3,5 дахь өдөр ачаалал ихтэй кабинет дээрээ уртасгасан цагаар ажиллаж байна. Орон нутгаас ирсэн хүүхдээ төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай тохиолдолд бид эхний өдөрт нь үзэхээр нэмэлтээр зохицуулалт хийсэн. Манай эмнэлэгт долоо хоногт 550-580 хүүхэд хэвтэн эмчлүүлж, мөн ийм тооны хүүхэд эдгэрч гарч байна.
2040 ОН ГЭХЭД ХАВДРЫН УЛМААС ЖИЛД 8000 ХҮН НАС БАРАХ ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ҮЗСЭН
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж. Нарангэрэл:
Хавдрын жилд тохиолдох үзүүлэлтээс шалтгаалаад манай улс хавдар судлалын нэг төвтэйгээр ажиллаж ирсэн. Орон нутгийн эрүүл мэндийн төв дээр хавдрын кабинеттэй, эмч ажилладаг. Гэхдээ тохиолдлын тооноос шалтгаалж орон нутагт хими болон мэс заслын эмчилгээний бүрэн тасаг байгуулагдаагүй.
Манай улсад 2020 онд 6700, 2021 онд 6000 орчим хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Өнөөдрийн байдлаар 24 мянган хүн хавдрын өвчний улмаас эмчлүүлж байна. Нийгэм, хэрэглээний орчин нөхцөлөөд шалтгаалаад жилээс жилд нэмэгдэж байгаа өвчин бол хавдар. ДЭМБ-аас гаргасан тооцоогоор манай улсад 2040 он гэхэд 11 мянга орчим хавдрын тохиолдол бүртгэгдэж, 8000 орчим хүн нас барах эрсдэлтэй байна гэж үзсэн. Тиймээс ирээдүй төлөвлөлт хийж, бууруулах талаар ажиллаж байна. Хавдрын мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээний төвөгтэй тохиолдлыг үндэсний төв дээр хийгдэнэ. Харин орон нутагт хийгдэх заалттай хими эмчилгээг орон нутгийн эрүүл мэндийн төвд нь хийдэг байх ёстой. Ингэж байж нэг төвийнхөө ачааллыг ядаж бууруулна, хүртээмжтэй болгоно. Тиймээс орон нутагт болон төвлөрсөн төв эмнэлгүүддээ хавдрын тасагтай болгохоор төлөвлөн бодлогоор дэмжиж байгаа.
Хүүхдийн эрт илрүүлэг, оношлогоонд таван төрлийн үзлэг багтсан
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
Засгийн газрын шийдвэрээр 2022 оны тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэг оношлогооны ажил эхэлсэн. 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 144997 хүн эрт хамрагдсан байна. Хүүхдийн эрт илрүүлэг оношлогооны багцад эмнэлзүйн үзлэг, сэтгэц, сүрьеэ, амны хөндийн эрүүл мэндийн үзлэг байгаа. Эмнэлзүйн үзлэг гэдэг хүүхдийн хөлнөөс нь толгой хүртэлх бүх үзлэг хийгдэж байгаа юм шүү.
Хүүхдэд эмчийн үзлэгээр ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрвэл дараагийн шат руу шилжүүлж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх юм.
Оношийн хувьд цахим системд шилжээд сар гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар оношийн бүлгээр мэдээлэл гаргах боломжгүй байна.
Хоол хүнстэй холбоотой өвчлөлийн хувьд нэгт зохисгүй хооллолтой холбоотой таргалалт, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин үүздэг. Мөн хүнсий аюулгүй байдалтай холбоотойгоор гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгддэг. Эрүүл мэндийн яамны зүгээс хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах аюулгүй үзүүлэлт, үйлдвэрлэлийн зохистой дадлын үзүүлэлтийг гаргаж өгдөг.
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа:
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хувьд омикроноос бусад ковидын вирусээр халдварласан тохиолдолд харьцангүй эмнэлзүйн шинж тэмдэг багатай, хөнгөн явцтай эдгэрч байсан. Тиймээс дөнгөж төрсөн болон хоёр наснаас бага хүүхдэд вирусийн эсрэг янз бүрийн эмчилгээ хийгээгүй. Бусад шинж тэмдгийн эмчилгээгээр эдгэрч байсан. Харин хавсарсан өвчтэй, хүндрэх эрсдэлтэй хүүхдүүд дээрээ ДЭМБ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу вирусийн эсрэг эмчилгээг насны заалтаар хийж байсан. Дөнгөж төрсөн нярайд өвөрмөц вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй байсан.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж. Нарангэрэл:
Ковид-19 өвчнийг эмчлэх эмнэлзүйн заавар Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагддаг. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хамгийн анхны заавар гарч байсан бол өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд маш олон удаа шинэчлэгдсэн.
Том хүн, хүүхэд, жирэмсэн эх, нярайд ямар эмчилгээ хийх вэ гэдгийг тус бүрт нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлагдан шинэчлэгдээд ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу эмчилгээ хийгдэж байна.
Иргэдийн дунд ковидын өвчлөлийн дараа цусны өтгөрөл байна. Үүнээс улбаатай өвчлөл зовиур байна гэж ярьж байна. Ковидын эмчилгээний эмнэлзүйн заавар дээр цус шингэлэх энэ эмнүүд бий. Гэхдээ олон нийтийн дунд байгаа энд ярианд үндэслээд цус шингэлэх янз бүрийн эмчилгээг эмийн дур мэдэн хийж болохгүй. Эмчийн заавраар уух ёстой. Шинжлэх ухааны үндэслэлгүй, эмчийн зөвлөмжгүйгээр цус шингэлэх элдэв эмийн хэрэглээнд маш болгоомжтой хандана уу.