Ардчилсан намын дарга хэн болохоос шалтгааж хэн Ерөнхийлөгчид өрсөлдөх нь тодрох учиртай
Ардчилсан намын ээлжит их хурал маргааш Соёлын төв өргөөнд болно. Тус их хуралд оролцох 1210 төлөөлөгчийн нэр аль хэдийн тодорч Улаанбаатар хотод иржээ. Өнгөрсөн өдрүүдэд Ардчилсан намын лидерүүд өнөөх хэдэн төлөөлөгчдөө хэдэн хэсэг хувааж сэм хувилдааныг зохион байгуулсан гэх мэдээлэл байна. За энэ ч яахав.
Ардчилсан намд Алтан гадас, МоАН, МҮДН, МоАХ, Шонхор гэсэн гол 4 фракц бий. Тэд энэ удаагийн их хурлын шийдвэрт голлож тоглоно. Тэдний хэн нь хэнтэйгээ нэгдэж, хэрхэн хүчийг хуримтлуулсан вэ гэдгээс гол хөзрийн нууц дэлгэгдэхээр байна. Зарим эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол Ардчилсан намын их хуралд гол өрсөлдөөнийг үзүүлэхээр МоАН, Шонхор, МҮДН гэсэн фракц тулалдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
МҮДН фракцын хувьд эх хурлыг хийх дүрэм, журмыг боловсруулсан. Энэ утгаараа их хурлын төлөөлөгч сонгох үйл явцыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэх гэсэн оролдогыг хийжээ. Харин шонхор фракцын хувьд С.Эрдэнэ тэргүүлэн төлөөлөгч бүртэй уулзаж, найрлаж цэнгэх, амарч зугаалахыг үзүүлж байгаа гэнэ. Түүний хувьд энэ удаагийн их хуралд маш их ач холбогдол өгч, намын дарга болохын төлөөх өрсөлдөөнд ширүүхэн орохоор зүтгэж эхэлжээ. Үүнийгээ ч гэрчлэх мэт уулзалтыг намынхантайгаа хийж байна. МоАН фракцын хувьд анхан шатны нэгжүүдтэйгээ нэлээд тулж ажилласан. Энэ удаагийн их хурлын төлөөлөгч нарын зовлон жаргал, хүсэл тэмүүлэл, намаа шинэчлэх гэсэн бодол бүхнийг нь сонсч, дүрэмд тусгахын төлөө ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Үүний зэрэгцээ бас сэм уулзалтыг ч зохион байгуулж байгаа нь мэдээж.
Нэг ардчилал фракцыг тараасан гэх Л.Гантөмөрийн хувьд наанаа сайхан ярьж, цаанаа өөр бодлыг тээж байгаа бололтой. Зарим эх сурвалжийн мэдээллэж байгаагаар намын дарга болох магадлалтай хүнтэй нийлж хүч хавсарч байгаад өөрөө ерөнхий нарийн бичгийн дарга дээр унахаар гүйж яваа гэнэ.
Цагааны хувьд мөн л Ерөнхийлөгчийн нэрийг өмнөө халхавч хийж намын даргад өрсөлдөх мэт боловч үнэн хэрэгтээ Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг хүчтэй онилчихсон явна.
Энэ удаагийн их хурал 3 гол асуудлыг шийднэ.
Нэгд намынхаа дүрэмд өөрчлөлт оруулна.
Хоёрт намын даргыг сонгоно. Хэдийгээр намын даргын сунгаа явуулна гэж байгаа ч нэгэнт анхан шатнаасаа сонгогдоод ирсэн 1210 төлөөлөгч цаг мөнгө хэмнэх үүднээс намын даргаа сонгочихоод хурлаа тараах нь ойлгомжтой.
Гуравт. Хэн намын дарга болохоос шалтгаалж Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ эцэслэх тохиролцооны анхны шанг татна.
Үргэлжлэл дээр: Хэн намын дарга болох, хэн ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтайг дэнслэх болно