У.Хүрэлсүх: Монгол наадамд монгол морь л уралдах ёстой

У.Хүрэлсүх: Монгол наадамд монгол морь л уралдах ёстой

 
Монголын морин спорт уяачдын холбоо, хот, хөдөөгийн олон арван уяачид хамтран монгол наадамдаа монгол морио уралдуулах, эрлийз адууг тусад нь уралдуулж байх гол шаардлага тавин Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хандан албан бичиг, шаардлага өргөн барьж, түүнийхээ хариуг авахаар тайван жагсаал, суулт зохион байгуулж байгаа ажээ. Адуун соёл бол монголчуудын өв, соёлын асар том дархлаа. Энэ дархлааг хадгалж, хамгаалж, өвлүүлдэг монгол наадамдаа эрлийз морьд уралдуулах нь угаасаа зохисгүй. Үүний эсрэг уяачид, хурдан морь сонирхогч, судлаачид бүгд тэмцдэг. Үгээ хэлдэг. Харамсалтай нь адуун соёлын эсрэг гэмээр аймшигтай харгис, хүн бус, ёс бус үйлдлүүд сүүлийн үед гарах болжээ. Монгол азарганы сэлдийг нь огтолсон гэх мэт. Тухайлбал, Хэнтийн Баянхутагийн алдартай азаргыг хулгайлж авчраад сэлдийг нь огтолчихсон байсныг хотын ойролцооноос олсон жигшүүрт хэрэг гарсан. Өв соёл, ёс уламжлал төдийгүй хүн ёс, малаа хайрлаж дээдэлдэг монгол жудгийн эсрэг ингэж улангасан яргалал үйлдэх ямар учир шалтгаан байдаг юм бол гэж гайхнам.
Монгол наадамд монгол адуу л уралддаг байх ёстой. Энэ нь хуулиар хамгаалагдсан баталгаатай, дархлаатай байх ёстой. Энэ талаар төрийн гурван өндөрлөгүүд шийдвэрээ гаргах байх. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Шадар сайдаар ажиллаж байхдаа “Монгол наадамд монгол морь л уралдах ёстой” хэмээн хэлж байсан хүн. Тэрбээр “Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг. Бид монгол адуугаараа бахархах ёстой. Монгол наадмаараа төрийн сүлдэндээ залсан монгол адуугаа уралдуулж, монгол мориныхоо удмын санг үеийн үед хамгаалж авч явах ёстой. Үндэсний баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхонд дээрхи асуудлыг хатуу анхааруулж байна" хэмээн эдүгээгээс яг таван жилийн өмнө наадмын комиссын хуралдаан дээр хатуу анхааруулж байжээ. Мөн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Шадар сайдаар ажиллаж байхдаа адууг амьдаар нь экспортлохыг хориглох шийдвэр гаргуулж байсан юм. Хятадууд монгол адууг нүдийг нь тэс цохиж, хөлийг нь хугалж, шөрмөсийг нь тасдан байж ачиж тээвэрлэхийг харсан ямар ч монгол хүний нүд халтирч, сэтгэл өмөрнө. Тиймээс Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх монгол адууг амьдаар нь экспортлохыг хориглох үүрэг чиглэл өгч байв. Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч твиттэрээр байр сууриа илэрхийлж, “Малыг амьдаар нь экспортлох нь Монгол Улсын бодлого биш байсаар ирсэн. Цаашид ч энэ бодлого тууштай хэрэгжих учиртайг албан ёсоор анхааруулъя” хэмээж байв.
Тавхан жилийн өмнө монгол адуу харь газрын бой руу нулимстай ачигдаж байсан шиг хатуухан хэлэхэд өнөөдөр монгол адуутайгаа хамт монгол наадам, монгол өв соёл, монгол дархлаа, монгол ёс жудаг маань “цаазын тавцан”-д гарахад ойрхон болоод байна. Төрт ёсны их цэнгэл, Үндэсний их баяр наадмаараа монгол адуугаа уралдуулах, монгол адууны удмын санг хамгаалах, адуун соёлоо түүхэн уламжлалаар нь өвлөн хадгалж, хөгжүүлэх нь монгол дархлааг дархалж буй хэрэг. Үүнд төр засгийн өндөрлөгүүд санаа тавьж, сэтгэл гаргах ёстой.