Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуульд хэчнээн хүн нэр дэвшигчийн батлахаа гардах вэ гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд байна.
Массын зүгээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж үзэж буй. Учир нь гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаяр хуулийн шаардлага хангахгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй нь бараг тодорхой болоод байна. Тус намынхны зүгээс “Н.Энхбаяр л биш бол өөр хэн ч биш” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны зүгээс Н.Энхбаярыг нэр дэвших эрхгүй гэж үзвэл “Хоёр дахь хувилбар байхгүй” буюу оронд нь хэнийг ч нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс МАХН-гүй сонгууль болох талаар тоймчид мэдээлсээр байна. Гэхдээ мэдээж энэ гаргалаа хоосонгүй.
Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихийн тулд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн шаардлагыг хангасан байх учиртай. Гэтэл нэгдүгээрт, түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэдгийг шүүхээс албан ёсоор мэдэгдчихсэн. Хоёрдугаарт, сонгуулийн тухай хуулийн 139.5 дахь заалтыг зөрчиж байгаа. Уг заалтаар “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” байх ёстой. Бүр тодруулбал, “анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлин таван жилийн хугацаанд зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж хуульд тодорхойлсон. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд эх орондоо суурьшаад хэдхэн сарын нүүрийг үзэж буйг хэн хүнгүй мэднэ. Учир нь тэрбээр эмчлүүлэх нэрээр сүүлийн хэдэн жил БНСУ-д амьдарсан бөгөөд эх орондоо байнга оршин суугаагүйг хил, гаалийнхан төвөггүйхэн тогтоогоод гаргаад ирнэ.
Ийм үндсэн шалтгаануудын улмаас нэр дэвших эрхгүй гэдэг нь тодорхой байсаар байтал Н.Энхбаяр улс төрийн тоглолт хийж байгаа нь цаанаа учиртай. Намынхнаа жагсаал цуглаан хийлгүүлж, Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг ард түмэн хүсч байгаа мэтээр яриулж буйн цаана урт шар дээлтийн ханцуйн доторх наймаа өрнөж байх магадлал өндөр. Учир нь тэр бол сандал суудлын наймааг хэнээс ч илүү хийж сурсан нэгэн. Үндсэндээ Н.Энхбаяр өөрийгөө нэр дэвших эрхгүй буюу хуулийн шаардлага хангахгүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүний хувьд Сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг бараг цээжээр мэдэж байх учиртай. Тиймээс ч эрх баригч хүчнийг муухай харагдуулах, өөрийгөө өрөвдүүлэх тактик боловсруулж, түүнийхээ цаагуур харин АН-ынхантай албан тушаал наймаалцаж байгаа талаарх мэдээлэл чих дэлссэн юм. Мэдээж тэр өөрөө боломжгүй учраас өөр хэнийг ч нэр дэвшүүлэхгүй нь ойлгомжтой. Учир нь энэ нам бол Н.Энхбаярын хувийн нам учраас. Тиймдээ ч “Хоёр дахь хувилбар байхгүй” гэж зарлуулж байх жишээтэй.
Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцох хувилбарыг хөшигний ард боловсруулсан төдийгүй ялалт байгуулж гэмээнэ ямар суудалд залрахаа ч тодорхой тохирсон сурагтай байна. Гэхдээ АН, МАХН-ынхны энэ хар тактикийг ард түмэн гадарлаж байгаа учраас санасны зоргоор санал өгөхгүй гэдгийг мартаж болохгүй.
О.Анир
эх сурвалж: atg.mn