Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тус хуулийг хэрэгжүүлэх үндсэн үүргийг хүлээх “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны чиглэлийг маш тодорхой зааж өгсөн гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон онцоллоо.
Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани болон түүний охин компанийн ТУЗ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Эдгээр 200 гаруй хүн нь бүгд төрийн байгууллагуудын газар, хэлтсийн дарга нар бөгөөд үйл ажиллагааны хувьд уялдаа муутай. Тийм учраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, Эрдэнэт үйлдвэр, Монросцветмэт үйлдвэрийг багтаажээ. Өөрөөр хэлбэл, төрийн эзэмшилтэй бүхий л уул уурхайн компанийг нэгтгэсэн холдинг компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, зэс металлын болон нүүрс эрчим хүчний групп гэсэн хоёр чиглэлээр ажиллахаар болж байгаа аж. Ингэснээр 200 гаруй ТУЗ-ийн гишүүдийг цомхотгож, 27 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.