Монголын хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн, тайлбарлагч Эрдэнэбатын Балжинням агсны “Миний л амьдрал” номын нээлт боллоо
Монголын хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн, тайлбарлагч Эрдэнэбатын Балжинням агсны гэгээн дурсгалд түүний том охин Б.Ариунсанаагийн санаачилгаар “Миний л амьдрал” номын нэмж засварласан хоёр дахь хэвлэл уншигч таны гар дээр очиж байна. Анх 2015 онд хэвлэгдэн олны хүртээл болсон номын эхний хувилбарт гүн хүндэтгэлтэй хандаж хэвээр үлдээн, ойр дотны хүмүүс, хамтран зүтгэгч, үнэнч фанатууд, анз нөхөд, шавь нарынх нь төлөөллийн дурсамж, дурдатгал бүхий 3-р бүлгийг нэмж оруулжээ.
“Миний л амьдрал” номонд Э.Балжинням агсны намтар, ажил амьдралын түүх, өөрийн гараар бичсэн өгүүлэл, нийтлэлүүд, түүний талаарх дурсамж бичвэрүүд, үнэнч фанатуудынх нь түүнд хаягласан шүлэг, ишлэлүүд зэрэг багтсан юм. Талийгаачийн гэр бүл, ойр дотныхны санаачлага, дэмжлэгээр “Эрдэнэбатын Балжинням” санг байгуулж нийгэм, хүмүүнлэгийн олон талт ажлууд, үйл хэргийг нь үргэлжлүүлэн таниулах зорилгоор ийнхүү номын хоёр дахь хэвлэлийг олон нийтэд толилуулж байна.
Номын нээлтийн үйл ажиллагаанд Э.Балжинням агсны гэр бүл, ойр дотныхон, Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, Сэлэнгэ аймгийн Сант сумын нутгийн зөвлөл, SPS HD телевизийн хамт олон, “Стар” телевизийн хамт олон, спортын сэтгүүлч, хөлбөмбөгийн тайлбарлагчид, анд нөхөд болон шавь нарынх нь төлөөлөл оролцжээ. “Миний л амьдрал” номыг Интерном дэлгүүрийн салбаруудаар худалдаалж байна.