Эдгээр авлигын томоохон сүлжээг илрүүлэх ажиллагааг Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газар хамтран эхлүүлжээ. Үүний үр дүнд Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудыг БНХАУ руу нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Уг шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газар болон Гашуун сухайт дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын орон байр, Нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаний захирал, тэдгээрийн оффиссын өрөө тасалгаанд өчигдөр буюу 2022 оны 06 сарын 09-ний өдөр нэгжлэг хийжээ. Тухайн байр, оффисоос эх үүсвэр тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют илэрснийг авлигын холбогдолтой мөнгө байж болзошгүй гэж үзэж хураан авч байгаа тухай баттай эх сурвалж мэдээллээ.
АТГ-аас явуулж буй шалгалтын үр дүн эцэслэн гараагүй үргэлжилж байгаа бөгөөд Гаалийн байгууллагын албан тушаалтнууд, нүүрс тээврийн томоохон аж ахуйн нэгжүүдийг авлига өгөх, авах, татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж, тэдгээрийн хооронд Нүүрсний экспортын үйл ажиллагааны чиглэлээр авлигын томоохон бүлэглэл, сүлжээ үүссэн гэж дүгнэж байгаа юм байна.