С.Бямбацогт: Төрийн өмчит компаниудад цүнх баригч нар томилогддог. Очоод улстөрчдөд мөнгө зөөдөг

С.Бямбацогт: Төрийн өмчит компаниудад цүнх баригч нар томилогддог. Очоод улстөрчдөд мөнгө зөөдөг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.  Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлахаар санал хураалт явуулав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн өмчит компаниудыг цэгцлэх цаг нь болсон. Угжны хурга гэдэг шиг төрийн өмчит компаниуд угжуулаад, тэтгүүлээд байж байдаг. Монгол Улсад айлын шоовдор хүүхдүүд нь хувийн хэвшлийнхэн бол харин айлын хамгийн эрх, танхи хүүхдүүд нь төрийн өмчит компаниуд болсон.

Яагаад гэвэл төрийн өмчит компаниудад цүнх баригч нараа томилогддог. Очоод дарга нартаа тал засаж, улстөрчдөдөө мөнгө зөөдөг. Үүнийг цэгцлэх цаг нь болсон. Өнөөдөр манай улсад төрийн өмчит 170 компани, орон нутгийн 270 компани бий. Гүйцэтгэх удирдлагад нь 100 орчим хүн гэж бодвол нэг компанид 20 орчим, нийтдээ 470 компанид 10 мянга орчим хүн хэн нэгний гар хөл болж ажиллаж байна. Энэ хүмүүс хамгийн их цалин хангамж авч, гадагшаа зугаалдаг.

Тэгсэн атлаа Монгол Улсын өрийн хэдэн хувь нь төрийн өмчит компаниудынх вэ гэвэл нэлээд том тоо гарна. Энэ тоог хэлж өгөөч. Төрийн өмчит 470 компаниуд ямар өр зээлтэй байна вэ?

Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойг хасвал бусад нь  улсад оруулж байгаа орлого бараг байхгүй. Орлого, төвлөрүүлж байгаа ногдол ашгийг хэлж өгөөч. 

Сайншандын, Эгийн голын төслийн нэгжүүд гэж бий. Юу ч хийдэггүй, баахан төслийн нэгжүүдтэй. 40-50 тэрбум төгрөгийн алдалдалд орчихсон, бөөн зардалтай. Үүнийг яаж цэгцлэх вэ? Төсвийн мөнгөөр тэтгэгдэж, хувийн хэвшилтэй өрсөлддөг төрийн өмчит компаниудаа яаж цэгцлэх вэ?

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга н.Цэнгэл: 2021 оны жилийн эцсийн байдлаар 53,4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон. Төрийн өмчит компаниуд 18 их наядын өр төлбөртэй байгаа. Үүнээс жин дарж байгаа компаниудыг нэрлэвэл Эрдэнэ Монгол нэгдэл 5,4 их наяд, Төрийн банк 3,4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, Монголын төмөр зам 1,5 их наяд, Эрдэнэт үйлдвэр 990 тэрбум төгрөг, УБТЗ 540 тэрбум.