Анас Абдул Важид: Монгол Улсын төрийн болон хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллана

Анас Абдул Важид: Монгол Улсын төрийн болон хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллана

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод эмчлэгдэх боломжгүй өвчлөлийн улмаас гадаад улс орнууд руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар зорих нь ихэссэн. Түгээмэл зорих улсын тоонд БНЭУ багтдаг. Тэгвэл БНЭУ-ын "Max health care" эмнэлэг Монгол Улсын төр, хувийн хэвшлийн 10 эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар Монголд иржээ. Тухайлбал, тэдний хувьд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулаад байгаа аж. Тэгвэл тус эмнэлгийн дэд захирал, худалдаа маркетинг хариуцсан дарга Анас Абдул Важидтай уулзаж ярилцлаа. 

-Юун түрүүнд уншигчдад маань эмнэлгийнхээ талаар мэдээллийг хүргэхгүй юу? 

-"Max health care" эмнэлэг нь БНЭУ-ын хамгийн том эрүүл мэндийн эмнэлгүүдийн нэг. Манай эмнэлэг нь дотроо 17 салбар эмнэлгээс бүрддэг. 17 эмнэлгийн гурав нь олоун улсын JCI стандартаар магадлан итгэмжлэгдсэн. Бусад эмнэлгүүд нь бүгд БНЭУ-ын дотоодод магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүд байдаг. 

-Хамтын ажиллагааны хүрээнд Монголд ирээд байгаа юм байна. Ер нь Монголд хэзээ ирэв? 

-"Max health care" эмнэлэгийхэн маань өнгөрөгч Даваа гарагт ирсэн. Ингэхдээ БНЭУ-д суух Элчин сайд Д.Ганболдоор дамжуулан Монголд Улсад үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо тогтоож, хамтарч ажиллах хүсэлтээ явуулсан. Хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн эмнэлгүүдтэй зургаадугаар сарын 8-наас эхлэн уулзаж, санамж бичиг байгуулж эхлээд байна. 

-Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тал дээр салбар яам болон тухайн эмнэлгүүд ямар байр суурийг илэрхийлж байна вэ? 

-Зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Өчигдрийн байдлаар бид Цэргийн төв коспитал эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Бриллиант клиник болон ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга болон салбарын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалтыг зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Салбар яамны төрийн захиргаа, удирдлагын газрын даргатай уулзахад яамны зүгээс "Max health care" эмнэлгийг Монгол Улсын лавлагаа шатны эмнэлгүүдтэй хамтран ажиллах боломжтой, эмнэлгүүд өөр өөрсдийн чиглэлийнхээ дагуу хамтын ажиллагааны гэрээг байгуулах бололцоотой гэх байр суурийг илэрхийлсэн. Мөн яам дээр бодлогын түвшний нэг асуудал яригдсан. Тодруулбал, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчин байдаг. Энэхүү өвчлөлийг цаашид Монголдоо буюу дотооддоо эмчлэх бодлогын хүрээнд салбарынхаа ажилчдыг мэргэшсэн бодлогын түвшинд сургах, ажиллуулах шаардлагатай чиглэлээр нь "Max health care" эмнэлэг дээр аваачиж туршлага солилцох, судлахаар ярилцаж байна. Гэхдээ зөвхөн лавлагаа шатны бус аймаг, сум, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нарыг сургах чиглэлд санал солилцсон. Жилдээ 8-10 хүнийг явуулж сургах, туршлага солилцох талаар ярилцсан. 

-Хамтын ажиллагааг хийх улсаар яагаад Монгол орныг сонгох болсон бэ. Та бүхний зүгээс ямар зорилтыг тавьсан бэ. Хамтын ажиллагааны хүрээнд? 

-Монгол Улсаас гадаад улсууд руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хайх урсгал сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Тухайлбал, хавдар, үе шилжүүлэн суулгах мэс засал мөн түүнчлэн пластик мэс ажилбарууд гэх мэт. Үүний дагуу иргэд БНЭУ, Турк, БНСУ зэрэг улсуудыг ихээр зорих болсон. Гэхдээ иргэд мэдээлэлгүйн улмаас дам сонссоноороо явах тохиолдол их байна. Жишээлбэл, Турк улс хавдрыг сайн эмчилдэг гэх мэдээллээр тухайн улсыг зорих жишээтэй. Тэнд очоод цаг хугацаа алддаг. Цаашилбал, Элчин сайд, Консулд ханддаг. Энэ хугацаанд өвчтөн цаг хугацаа алдаад байгаа юм. "Max health care" эмнэлгийн зүгээс гадаад орнууд руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хайж буй иргэдэд шинэ хаалгыг нээж өгч буй юм. 

Жишээ татья. Монгол улс хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Хавдар судлалын эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар Монголд эмчлэгдэх боломжгүй хавдрыг хавдрын эмч нар тухайн хүнийг чиглүүлэх боломжтой гэсэн үг. БНЭУ-д ямар эмнэлэг байгаа вэ гэдгийг. "Max health care" эмнэлгийн хувьд тоног төхөөрөмжийн хүчин чадал сайн. Тухайлбал, мэс засалчдын мөрөөдлийн аппарат манай эмнэлэгт олон тоогоор байдаг. Иргэд аль улс руу очоод хаана хандах вэ гэж цаг хугацаа алдахгүй гэсэн үг. Тодорхой болно. Мөн эмч нарыг шинэ техник технологи чиглэлд сургалт явуулж, "Max health care" эмнэлгийн эмч нарыг Монголын эмч нартай хамтарсан судалгаа шинжилгээ, мэс заслуудыг хийе гэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Өдөрт нэг хүн Энэтхэг улсыг эрүүл мэндийн шалтгаанаар зорьж байна-

-Та бүхний зүгээс тус хамтын ажиллагааг хэрхэн өргөжих бололцоотой гэж харж байна вэ? 

-Цаашид хамтын ажиллагааг маш өргөн хүрээнд өргөжих боломжтой гэж харж байгаа. Дөнгөж саяхан Энэтхэг улсын Элчин сайдтай уулзсан. Элчин сайдаар дамжуулан Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж, Засгийн газрын хооронд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж харж байгаа. Залуу эмч нарыг Монгол Улс БНСУ болон бусад улсууд руу богино хугацааны сургалтад хамруулдаг. Үүн дээр нэмээд БНЭУ-руу "Max health care" эмнэлэг дээр нарийн мэргэшсэн чиглэлээр сургалтад хамруулж, боловсон хүчнээ дадлагажуулж авах бүрэн боломж бүрдэнэ гэж харж байгаа юм. 

-"Max health care" эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчний талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-"Max health care" эмнэлгийн эмч нар нь 15-аас дээш жилийн туршлагатай, барууны орнуудад мэргэжлээ дээшлүүлсэн баг байдаг. 

-Өмнө хэлсэнчлэн сүүлийн жилүүдэд гадаад улсууд руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар зорих иргэдийн урсгал нэмэгдэж байгаа. Тухайлбал, танай эмнэлэгт он гарсаар хэр их Монгол иргэн хандсан бэ. Хандаж буй иргэдийг харахад ямар өвчлөл зонхилж байна? 

-Сая Элчин сайдтай уулзахад өдөрт Монголоос дунджаар 35 хүн БНЭУ-ын виз хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл, үүнээс өдөрт нэг хүн Энэтхэг улсыг эрүүл мэндийн шалтгаанаар зорьж байна. Тавдугаар сард л гэхэд Монголоос 15 өвчтөн манай эмнэлэгт ирсэн. Үүний 2 нь хавдартай, нэг нь элэг шилжүүлэн суулгуулах мэс ажилбарт орохоор ирсэн. Бусад иргэдийн хувьд эрүүл мэндийн үзлэг, оношлошоонд хамрагдах байдлаар хандсан. 

-Өмнө Монгол Улсад энэ төрлийн хамтын ажиллагаа хийж байсан уу? 

-Энэ бол Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллах гэж буй анхны тохиолдол. Айлчлалын хувьд ч анхных нь байна. Иймдээ ч Монгол Улсаас БНЭУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд бидний хамтын ажиллагааг эхлүүлэхэд маш том хувь нэмрийг оруулсан. 

-Манай эмнэлэгтэй хамтын ажиллагаатай байгууллагаас эмчилгээний төлбөрөөс хөнгөлөх хүсэлт тавьбал 10-15 хувийн хөнгөлөлт үзүүлж чадна-

-Хамтын ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөсөн гол чиглэлүүд нь юу вэ? 

-Гурван зүйлийг хийхээр төвөвлөж байгаа. Нэгдүгээрт, хүний нөөцийг чадавхижуулах. Хоёрдугаарт, техник технологийг хөгжүүлэх, сургалт эрдэм шинжилгээг хөгжүүлэх. Мөн гадаад улсууд руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хайж буй өвчтнүүдэд чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм. Учир нь БНЭУ нь хамгийн боломжит улс. Турк, БНСУ зэрэг улсуудад хийх хагалгаа үнэ төлбөрийн хувьд ч өөр. 

-Монголд эмчлэгдэх боломжгүй, өндөр өртөгтэй мэс заслыг хийлгэхээр танайх руу дотоодын хамтын ажиллагаатай эмнэлгээс хандсан тохиолдолд хөнгөлөлт бий болгох боломжтой юу? 

-Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байгууллагаасаа шалтгаална. Манай эмнэлэгтэй хамтын ажиллагаатай байгууллагаас төлбөрөөс хөнгөлөх хүсэлт тавьбал 10-15 хувийн хөнгөлөлт үзүүлж чадна. Гэхдээ зөвхөн хамтын ажиллагаатай байгууллагуудаас тавьсан хүсэлтийн дагуу.

-Монголд хэчнээн эмнэлэгтэй санамж бичгийг байгуулахаар төлөвлөсөн бэ? 

-Төр, хувийн хэвшлийн 10 орчим эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөсөн. 

-Ярилцсанд баярлалаа.