Сар бүр 850 мянган төгрөгийн төлбөр авдаг. Дээр нь нэмээд хүүхдийнх нь ариун цэврийн хэрэгслийг аав, ээжээс нь нэхээд суудаг хувийн цэцэрлэг Улаанбаатарт олон байна. Хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийжээ. Шалгалтаар маш олон зөрчил илэрсэн байна.
Монголын боловсролын салбарыг хэн дуртай нь удирддаг болсон жишээ хувийн цэцэрлэгээс харагддаг гэхэд болно. Учир нь Мэргэжлийн хяналтын байгууллагаас 70 цэцэрлэгт шалгалт явуулахад 72 хувь нь сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын гэрчилгээтэй л болохоос мэргэжлийн багш, боловсон хүчин байхгүй. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад байх стандартыг зөрчсөн дутагдал илэрчээ. Энэ тухай мэргэжлийн хяналтын газрын байцаагч дараах тайлбарыг өглөө.
Ийнхүү сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг хэн дуртай нь удирдаж эхэлсэн гажуудал нь зөвшөөрөл олгож байгаа байгууллагаас үүдэлтэй. Хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газраас олгож байгаа. Тэд олгосон зөвшөөрөлдөө хяналт тавьж, эргэж шалгах нь зүйд нийцнэ. Учир нь зөвшөөрөл авахдаа материалаа хуурамчаар бүрдүүлчихдэг. Үйл ажиллагаагаа эхлэхдээ өөр мэргэжлийн хүн ажиллуулж, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.
Боловсролын тухай хуулийн 40.2-д “...өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэж заасан нь хувийн сургууль, цэцэрлэгүүд салбарын яамныхныхаа амыг таглах хангалттай шалтгаан болдог гэнэ. Төрийн нуруун дээрх ачаанаас үүрэлцэж, 33 мянган хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж буй хувийн цэцэрлэгүүд дээрх заалтыг иш болгон төрөөс мөнгө хумсалж суудаг. Мэдээж хэрэг эцэг эхээс хамгийн бага нь 100,000 төгрөг. Дээд тал нь хэдэн сая төгрөгийн төлбөрийг сар бүр авч байна.
Мэргэжлийн хяналтын шалгалтаар хэт өндөр төлбөртэй 20 гаруй цэцэрлэг байна гэж гарчээ. Энэ нь сард 400 мянган төгрөг буюу түүнээс дээш төлбөртэй гэсэн ангилалд багтдаг. Нийт 20 цэцэрлэг Улаанбаатарт байдаг гэх судалгаа бий. Тэднээс тав нь сард 800-880 мянган төгрөгийн төлбөртэй байдаг байна. Гэтэл жилийн 4-8 сая төгрөгийн төлбөр эцэг, эхчүүдээс авдаг дээрх 20 цэцэрлэгт л гэхэд улсаас нэмээд 1.3 тэрбум төгрөгийн хувьсах зардал өгч байна. Улсаас өгч байгаа 1,3 тэрбум төгрөгөөр 180 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг барих боломжтой юм. Иймээс л төр хэрхэн харалган бодлого явуулж байгаагийн тод жишээ. Иймээс энэ бүх асуудлыг шийдэхгүйгээр хувийн цэцэрлэгийг цэгцлэх боломжгүй гэж харагдаад байна.