Монгол улс мал аж ахуйн ОУ-ын үзэсгэлэнд хүндэт зочноор оролцоно

Монгол улс мал аж ахуйн ОУ-ын үзэсгэлэнд хүндэт зочноор оролцоно

Францын Клермон-Феррон хотноо 31 дэх жилдээ зохион байгуулагдах "Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн"-д (Сомме дэ Элваж) Монгол Улс хүндэт зочин орноор уригдан оролцохтой холбогдуулан үзэсгэлэнгийн зохион байгуулагчид, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Францын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын яаманд хэвлэлийн бага хурал 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Хэвлэлийн бага хурлыг нээж Францын Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фенү хэлсэн үгэндээ Монгол Улсыг хүндэт зочноор оролцож байгаад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. 

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын санаачилгаар олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг 2026 онд тэмдэглэх НҮБ-ын тогтоол батлагдсан зэргийг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан. 

Түүнчлэн үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс 2022 оны үзэсгэлэнгийн онцлог, оролцогчдын цар хүрээний талаар, Францын мал аж ахуйн хүрээлэнгийн тэргүүлэх эдийн засагч Филип Шоттү үхрийн мах, амьд малын зах зээл болон малын өвчин, цаг уурын өөрчлөлтийн талаар хийсэн судалгааны дүн, ирээдүйн чиг хандлагын талаар, "Herd book Charolais" Европ болон Францын тэргүүлэх зэрэглэлийн махны үүлдэрийн үхэр үржүүлэх нийгэмлэгийн тэргүүн Себастян Клүзел хэрхэн махны чиглэлийн үхрийг үржүүлэх, дасан зохицох, үр шимийг нэмэгдүүлэх талаар тус тус танилцуулав. 

Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын хүрээнд "Сомме дэ Элваж" үзэсгэлэнгийн Ерөнхийлөгч Жак Шазале тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага болон салбарын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй уулзах юм. 

Европт хамгийн томд тооцогдох энэхүү үзэсгэлэнд мал аж ахуйн фермер эрхлэгч, холбоод, малын эм, тэжээл, хөдөө аж ахуйн салбарын машин, техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бүхий мэргэжлийн аж ахуйн нэгжүүд оролцдог бөгөөд 2021 онд 33 орны 1510 оролцогч 93000 зочин, төлөөлөгч оролцжээ. 

Хэвлэлийн бага хурлын бичлэгийг дараах холбоосоор орж үзнэ үү.