МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Хүй долоод болсон 512 бөхийн барилдаанд цол олгохыг дэмжиж байгаа
.
Нэгдүгээрт энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Наадам болоогүй жил наадамтай дүйцхүйц барилдаан болсон. Барилдах боломжтой ид байгаа бөхчүүд бүгд барилдсан.
Харин Хүй долоо худгийн наадмын гэж болох барилдаанд 680 улс, аймгийн цолтой бөхчүүд бүртгүүлж, 168 аймгийн начин цолтой бөхийг хасч 512 бөх барилдсан. Үүнийг дэмжихээс өөр аргагүй. Ганц нэг хувийн ядмаг бодолтой бөхчүүд эсэргүүцэж болно, тэд байдаг л үзэгдэл. Дээр нь нэмж хэлэхэд хэдэн залуус бөхийн цол чимэг авахад улс нийгмээрээ, бас бөхчүүд хохироод байх зүйл юу ч байхгүй.
Хоёрдугаарт, 100 жилийн ой болно гээд олон бөхийн цолны асуудал яригдахаар байгаа.
Бидний зүгээс бөхчүүдийн цол чимэгний асуудлыг түүхт их ойн өмнө дэмжээд өгөөч гэж зохих түвшинд ярьж байгаа. Дэмжих ч байх. Төр асуудлаа томоор харах нь дамжиггүй. Үе, үеийн төрийн тэргүүнүүд их ойнууддаа онцгой анхаардаг. 100 жил бол 50, 90 жилээс ч утга агуулгын хувьд онцгой. Төр засаг маань ч үүнд анхаарч 1951 он буюу энх цагийн эхлэлд бүх бөхчүүдээ урьж (үүнд хилс хэргээр хэлмэгдэж хоригдсон М.Лхагва арслан гэх мэт бөхчүүдээ суллаж) мөн ахмад 50-аас дээш настай бөхчүүдээ барилдуулсан байдаг. Төр өв соёлдоо өгөөмөр байх ёстой.
Бөхийн холбоо ч үүнийг дэмжиж хүндэтгэн бүх шийдвэрийг дагана. Бид ч бас зарим зүйлийг уучилж чадна. Тиймдээ ч бид энэ 100 жилийн наадмын бөхөө сайхан зохион байгуулъя. 1024 бөхөөс гадна ахмад бөхчүүдээ мөн тэднийхээ дэмжигчдийг баярлуулж 50, 60-аас дээш насны бөхчүүдээ барилдуулъя гэж Ерөнхийлөгчдөө санал хүргүүлсэн. Судлаад хариу хэлнээ гэсэн, мөн Шадар сайд руу хүсэлтээ хүргүүлнэ. Төр, засгийн удирдлагууд маань түүхт их ойгоо өргөн дэлгэр хийж өмнөх түүхт ойн уламжлалаа даган сайхан наадах байх аа...гэв