Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг СЕХ бүртгэж авах эсэх дээр 2 нь эргэлзэж нэг нь илтгэлтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентат суудалтай улс төрийн намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ дагуу эрх баригч МАН, сөрөг хүчин АН, ганц төлөөлөлтэй МАХН нэр дэвшигчдээ хуулийн дагуу тодруулсан билээ. Нам тус бүрийн төлөөлөл өчигдөр хуулийн хүрээнд Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгөв.
Эрх баригч МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигч М.Энхболд мөрийн хөтөлбөр болон бусад холбогдох бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэж өгөөд сонгууль шударга болно байх гэсэн жижүүрийн үгийг хэлж суулаа.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: “Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн, хуулийн дагуу бүрдүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна” хэмээн өгүүлжээ.
УИХ-д 65 суудалтай. 21 аймгийн 20 аймагт намынхаа эрх мэдлийг зузаатгасан. Сүхбаатар аймагт МАН ялагдсан ч гэсэн орон нутгийн эрх мэдлийг Ардчилсан намд өгөхгүй луу унжиж байгаа эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд эцсийн хүчээ шавхан ялалт байгуулах нь туйлын зорилго нь бололтой. Энэ ч утгаараа тэд шат шатандаа Ерөнхийлөгчийн сонгуульд амь тавин зүтгэж эхэллээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд маш их анхаарал хандуулж байгаа нам бол мэдээж хэрэг сөрөг хүчин. Өнгөрсөн 8 жилд Ардчилсан намын төлөөлөл Ерөнхийлөгчөөр заларсан. Тэд энэхүү буухиагаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа нь гарцаагүй. Энэ ч үүднээсээ сөрөг хүчний зүгээс хамгийн их магадлалтай гэсэн нэр дэвшигчээ гаргаж ирлээ гэж ярилцаж эхлээд байна. Гэхдээ бас нөгөө талдаа Ардчилсан намын зарим нэг улс төрчид Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсонд таагүй хандаж эхлээд байна. Ил болон далд хэлбэрээр Х.Баттулгыг гундаах гэсэн, гутаах гэсэн үг, өгүүлбэрийг нийгмийн сүлжээнд чулуудаад эхэлжээ. Харин Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийг намаасаа өвөртөлсөн Х.Баттулга Сонгуулийн Ерөнхий хороонд 17 хуудас баримт бичгээ хүлээлгэн өгснийхөө дараа дараах тайлбарыг өгчээ.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: Сонгууль шударга болно гэж найдаж байна. Өнөөдөр хуулийн хугацаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй миний бие бусад журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль амжилттай явагдах байх гэж бодож байна. гэж хэлжээ.
Түүний үгэнд байгаа Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэж аваад, сонгууль амжилттай болох байх гэж найдаж байна гэдэг үг бага зэргийг эргэлзээ, тээнэгэлзээ байгааг нь илтгэнэ. Арга ч үгүй биз. Тэрээр Авлигатай тэмцэх газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа Шинэ төмөр зам төслийн хэрэгт нэр нь холбогдсон. 2016 оны 11 сард шинэ төмөр замын хэргийг Прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл гарч байлаа. Үүнээс хойш чухам яасан нь ойлгомжгүй нөхцөл байдалд бий. Иймээс л Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд эргэлзээтэй ч гэсэн үзээд алдахаас өөр аргагүй нөхцөл байдалд байгаа гэдгээ үгээрээ илэрхийлэх бололтой.
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр: “Би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авч, энэ сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг эхлүүлнэ гэж бодож байна. СЕХ хэн нэгэн улс төрийн нам, зүтгэлтэн, байгууллагын шахалтад оролгүйгээр өөрсдөө шударга сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж, саад бэрхшээлгүй бүртгэж, ард түмэн ерөнхийлөгчөө сонгох бололцоог шударгаар хангана гэж найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” гэв.
Түүний хувьд өөрийг нь хэн нэгэн улс төрийн нам, эсвэл ямар нэгэн улс төрчийн шахалтаар Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхгүй байж магад үгүй гэж эртнээс нүхээ малтчихав бололтой. Түүний үгэнд Сонгуулийн Ерөнхий хороо өөрийг нь бүртгэхгүй байх магадлалтай гэсэн хандлага цухалзаж байна. Энэ ч ортой зүйл. Учир нь түүний ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэдгийг шүүхийн тайлбараар гаргасан. Мөн Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн өмнө бас л тайлбарлаж байсан. Тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хүнийг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэхгүй байж мэднэ.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх 3 нэр дэвшигчийн нэг нь илтгэлтэй. 2 нь эргэлзсэн байдалтайгаар бичиг баримтаа Сонгуулийн Ерөнхий хороонд өгчихлөө. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр л болов уу. Монгол Төрийн босго өндөр байх ёстой. Улс төрийн зарим ажиглагчид хэн хэн нь нэр цэвэр биш, түмэн олонд төдийлөн тааламжтай үнэлгээ авахааргүй гурван хүн өрсөлдөх гэж байна. Түмний шүүлтүүр Төрийн тэргүүний босгыг таниулж өгнө биз гэсэн хүлээлттэй гэдгээ учирлах болов. Ямар ч тохиолдолд Монгол Төрийн тэргүүний суудалд хэл амтай, хэрэгт сэжиглэгдсэн хэн нэгэн суух нь зохимжгүй юм.