Үүний эсрэг дэлхийн улс орны Засгийн газрууд өөр өөрийн хэмжээнд арга хэмжээ авч, зохицуулалтууд хийсээр байна. Монгол Улсын Засгийн газраас үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор дизель түлшний онцгой татвар, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн хэдий ч валютын хомсдол, барааны татан авалт, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийн удаашралаас үүдэлтэй үнийн өсөлт зогсохгүй байгаагийн хажуугаар олон улсад Монопол, Давамгай байдалтай Аж ахуй эрхлэгчид үнэ хөөрөгдөж, хэт их ашиг олох явдал гарсаар байна.
Үүний эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлагыг судлахад Европын холбооны улсууд болон Их Британи, ОХУ, Турк , Казакстан, Беларусь, Чил, Армени, Энэтхэг зэрэг орнууд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэт өндөр үнэ тогтооход хяналт тавих хууль, журам мөрдүүлж арга хэмжээ авч ажиллаж байна.
Монгол Улсын хувьд 2010 онд баталсан Өрсөлдөөний тухай хуулийн Шинэчилсэн найруулгын 7.1.2. Давамгай байдалтай Аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно; гэж, 7.2. Давамгай байдалтай Аж ахуй эрхлэгч хэт өндөр үнэ тогтоохтой холбоотой журмыг Засгийн газар батална. гэж заасан ч өнөөдрийг хүртэл журмыг батлалгүй хяналтгүй явсаар ирсэн юм байна.
Иймд тус хуульд заасан Хэт өндөр үнийг хянах журмын төсөл боловсруулах ажлын хэсгийг ШӨХТГ-аас байгууллаа.
Журмын төслийг шуурхай боловсруулж Шадар сайдаар уламжлуулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр танилцуулна.
Энэ журам батлагдвал хэт өндөр үнэ гэж ямар үнийг тооцох, ямар тохиолдолд, үндэслэлгүй үнэ нэмсэн гэж тооцох, түүнд авах арга хэмжээ зэрэг нь тодорхой болж, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх юм гэж ШӨХТГ-аас мэдээллээ.