(IJF)-ын тэргүүн Мариус Визер Украины жүдо бөхийн холбооны тэргүүнд хариу захидал илгээжээ
Захидалд “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө.
Жүдо бол урлаг, гүн ухаан, амьдралын хэв маяг билээ. Манай спортын үнэт зүйл бол ард түмэн, улс орнуудын хооронд яс хаях гэсэн зарим Засгийн газрын шийдвэрээс ангид, илүү дээгүүр зүйл. Спорт үргэлж улс орон, ард түмнүүдийн харилцааны гүүр байж ирсэн. Бид дайны эсрэг байгаа нь мэдээж. Гэхдээ бид бас үзэн ядалтын эсрэг байна. Залуучууд, ялангуяа тамирчид өөрийн болон ирээдүй хойч үеийнхээ үлгэр дуурайл байх ёстой. Тамирчид спортын тэмцээнд өрсөлдөхийг хүсэж байгаа болохоос дайтахыг хүсээгүй. Тэд хэдэн удирдагчдынхаа харалган шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Спорт бол энх тайван, эв нэгдэл, найрамдал.
Хүн төрөлхтний түүхэнд маш олон дайн дажин тохиолдож байсан ч бид сургамж аваагүй хэвээр л байна. Харамсалтай нь цэрэг дайны аж үйлдвэрлэл хөгжиж байгаа цагт бид энх тайвны тухай мөрөөдөхөөс өөр зүйл үлдсэнгүй. Энэ бол хүн төрөлхтний эмгэнэл юм.
Жүдод бид үзэн ядалт, хагаран бутрах явдлыг дэмжихгүй. Бид хамтдаа байх ёстой. Жүдо бөхийн гэр бүлийг салган сарниулахыг бид зөвшөөрөхгүй. Энэ тал дээр жүдочид бусад салбарынханд үлгэр жишээ болох хэрэгтэй.
Энэ мөргөлдөөнд бид энх тайвны талаар биш хэн нэг нь ялах талаар ярьж байгаа нь гунигтай байна. Бид спортоор дамжуулан, дайсагнагч талуудыг эвлэрүүлж, энх тайван бол хамгийн зөв зам гэдгийг харуулах ёстой. Бид сайн цагт ч, муу үед ч хамтдаа байх хэрэгтэй. Бусад хүмүүсийн хийсэн үйлдлийн төлөө гэмгүй хүмүүсийг бид шийтгэж болохгүй. Ингэвэл энэ нь ялган гадуурхах явдал болно. Жүдо бөхөд дайн, улс төр, ад үзэх явдал байх ёсгүй.
Таныг хүндэтгэсэн Мариус Л. Визер.
Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч “ гэжээ.
Эх сжурвалж: Зиндаа.мн