ЗТХ-мйн сайд Л.Халтар Хэнтий аймагт хэрэгжиж буй автозамын төслүүдтэй танилцлаа

ЗТХ-мйн сайд Л.Халтар Хэнтий аймагт хэрэгжиж буй автозамын төслүүдтэй танилцлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хэнтий аймгийн Бэрх, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал сумдад  хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийг газар дээр нь үзэж, ажиллалаа.

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт эхэлсэн. Одоогоор 30 гаруй км газарт хөрс хуулалт хийгдсэн. График, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг Гүйцэтгэгч Тэгш плант ХХК-ийнхан танилцуулж байлаа.

Наранбулаг-хан ХХК-ийн гүйцэтгэл сайн байна

Чингис -Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл Чингис-Бэрх хот хүртэлх 50 км авто замыг Наранбулаг-хан ХХК гүйцэтгэж байна. Гэрээгээр энэ оны 10 дугаар сарын 30-нд дуусгаж хүлээлгэж өгөх хуваарьтай ч ирэх 7 дугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайдад танилцууллаа.

Мөн Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл 130 км зам барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оноос 2 багц хэсгээр хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд Багц-1 хэсэг буюу 68.6 км авто замын гүйцэтгэгчээр Наранбулаг-хан  ХХК ажиллаж байна. Энэ оны 4 дүгээр сард ажлаа эхлүүлж 20 гаруй км-т хөрс хуулалт, 15 км-т далангийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ ондоо багтаан эхний 30 хүртэлх км авто замын нэгдүгээр үеийн асфальтбетон хучилтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн хангамж сайтай, зөв зохион байгуулалттай ажиллаж, богино хугацаанд чанартай гүйцэтгэж байгаа үндэсний бүтээн байгуулагч Наранбулаг-хан ХХК-ийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж ажлын амжилт хүслээ. Мөн сайд Л.Халтар Бэрх хотын захирагч Ч.Энхжавхлантай уулзаж шинээр ашиглалтад орох авто замаар хүнд даацын авто машин зорчуулахгүй байх зохион байгуулалтыг хийж, авто замын ашиглалт, насжилт дээр орон нутгийн зүгээс анхаарч ажиллах хэрэгтэйг хэлээд яамны зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.   

Наранбулаг-хан ХХК нь өмнө нь Чингис-Бэрхийн 20 км ажлыг гэрээгээр 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч жилийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгч байсан туршлагатай компани юм.

Орон нутгийн зүгээс авто замын ажилд туслалцаа үзүүлэхийг хүсэв

Дараа нь Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км-ын Багц 2 хэсэг буюу 62 км авто зам барилгын ажлын талбайд ажиллалаа. Тус замын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК ажиллаж байна. 5 дугаар сараас нүүлгэн шилжүүлэлт, бэлтгэл ажлаа хангаж, зам барилгын ажлаа эхлүүлжээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд хэрэгжиж эхэлж буй Норовлин-Баян Уул чиглэлийн 68.3 км авто замын барилгын ажилтай танилцлаа. Гүйцэтгэгч байгууллагаар “Монгол зам” ХХК ажиллаж байна. Тус компанийнхан 5 дугаар сарын сүүлээс бэлтгэл ажлаа хангаж, үндсэн зам барилгын ажлыг эхэлж, хөрс хуулалт, далангийн ажлыг гүйцэтгэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Норовлин сумын Засаг даргын орлогч Б.Одхүүтэй уулзаж замын компаниудын карьерын ажилд сум орон нутгаас тусалж, асуудлыг шуурхай шийдвэрлэн хамтран ажиллахыг хүсэв. Мөн тус сумын нутаг дэвсгэрт авто замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа Мотор сервис ХХК, Монгол зам ХХК-д орон нутгийн иргэдийг холбож, ажиллах хүч нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ.

Хэнтий аймгийн Дадал сумын төв доторх 3.5 км бетон хучилттай авто замын барилгын ажил эхэлсэн.

Тус замын гүйцэтгэгч Идэр ширэгү ХХК-ийн инженер техникийн ажилчид болон машин механизмийн нүүлгэн шилжүүлэлтийн ажил бүрэн дуусаж зам барилгын газар шорооны ажил 35 хувьтай явагдаж байна.

Хэнтийн аймаг улсын чанартай 726.1 км авто замын сүлжээтэй

Хэнтий аймаг нь Монгол Улсын зүүн бүсийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буй тус аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай таван чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламж байна. Үүний 372.1 км хатуу хучилттай, 189.0 км хайрган хучилттай, 165.0 км байгалийн хөрсөн авто зам ашиглагдаж байна.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн дөрвөн сум /Жаргалтхаан, Хэрлэн, Мөрөн, Цэнхэрмандал/ хатуу хучилттай улсын чанартай авто замаар холбогдсон.  Батноров, Баян-Овоо, Норовлин сумд энэ жил эхэлж буй авто замын бүтээн байгуулалтын хүрээнд удахгүй хатуу хучилтгүй авто замаар холбогдоно. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай 5 чиглэлийн 726.1 км авто зам, замын байгууламжыг "Харгуй" ТӨХК хариуцан байнгын бэлэн байдлыг хангуулж засвар арчлалтын ажлыг гүйцэтгэж байна. Энэ оны засварын ажил график төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.